#Коммент4 мин унших

Б.Түвшин: Төсвийн хүрээний мэдэгдлийг илүү мэргэжлийн болгох шаардлагатай!

Б.Түвшин: Төсвийн хүрээний мэдэгдлийг илүү мэргэжлийн болгох шаардлагатай!
УИХ-ын гишүүн Б.Түвшин

УИХ-ын гишүүн Б.Түвшин чуулганаар хэлэлцэгдэж байгаа гол гол асуудлуудыг иргэд сонгогчдодоо танилцуулдаг. Тэрбээр энэ удаад 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг фокуслан мэдээлэл хүргэсэн юм.

Тодруулбал, төсөв хэлэлцэж байх явцад хаягддаг асуудлуудын нэг нь төсвийн хүрээний мэдэгдэл. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь хамгийн чухал буюу төсвийн гадна талын цар хүрээ, дээд доод хэмжээг нь тогтоох асуудал. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдлийг илүү мэргэжлийн болгох шаардлагатай. Нэг үгээр хэлбэл ДНБ, инфляц нь хэд байхыг мэргэжлийн түвшинд ярих чухал хэлэлцүүлгээ төсөв болгож хувиргаад байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Түвшин тодотголоо.

нийгмийн зардлыг хэддүгээрт тавих юм, улсын төсвийн хөрөнгө оруулалт ямар бүтээмжтэй байх юм, инфляц ямар түвшинд ямар түвшинд байх гэсэн том үзүүлэлтүүдийг хөдөлгөхгүйгээр гурван жил байх баримжаагаа авчхаад, тухайн жилийн төсвөө тавьдаг. Бид эсрэгээрээ үүнд анхаарахгүйгээр шууд төсөв рүүгээ бүх анхаарлаа тавьчихаад байна!

Бүх орлогоо урсгал зардалд тавьдаг болох эрсдэлтэй!

Түүнчлэн Нэгдүгээрт, ирэх оны төсөвт татвар, НДШ-ийг иргэдийн шаардаж байгаа шиг бууруулах ууруулах хүсэлгүй байна. Хоёрдугаарт, бууруулах боломжийг хайхгүй байна. Төсвийн зардлын 77 орчим хувийг урсгал зардал эзэлж байгаа. Урсгал зардал бол нөгөө л боловсрол, эрүүл мэнд болон цалин, тавилга, тоног төхөөрөмж. Урсгал зардлаа бууруулж чадахгүй болохоор татвар, нийгмийн даатгалаа бууруулах орон зай нь багасаж байна.Бид үр дүнгээ сайжруулахгүйгээр мөнгө тавьсаар байвал олсон бүх орлогоо урсгал зардалд тавьдаг болох эрсдэлтэй. Тиймээс томоохон урсгал зардлуудыг дахин зохион байгуулах, суурь өөрчлөлтүүдийг хийх нь төсвийн гол ажил.

Төсвийн хүрээний мэдэгдлийг илүү мэргэжлийн болгох шаардлагатай!

"Бид төсвийн хүрээний мэдэгдэл төсвийн төсөөллийн тухай ярихдаа 90% нь төсвийн тухай ярьсаар таардаг. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь улс орны эдийн засгийн хамгийн чухал, том суурь бичиг баримтууд байдаг. Үүнийг бид нар төсөвтэйгөө хэлэлцсээр байгаад алга болгочихсон. Орон нутгаар иргэд сонгогчидтой уулзаж байхад иргэд хүртэл үүнийг ярьж байна. Ингэхдээ, улс орны эдийн засгийн ирээдүйн тухай асуудал дээр гол анхаарлаа хандуулахгүй төсөв хэлэлцээд, мөнгө зардал ярилцаад байх юм салгаж болдоггүй юм уу гэсэн. Энэ үнэхээр зөв зүйтэй саналууд. Бид ирэх 3 жилийн эдийн засгийн прогнозоо хийхгүйгээр төсвийн хүрээгээ сайжруулах, илүү хүчирхэг, бодит мэдлэг, эдийн засгийн прогноз дээр үндэслэсэн судалгаа болгон хэлэлцэж батлахгүйгээр төсвөө баталчхаад дараа нь үүндээ тааруулсан төсвөө хийгээд явж байна! Үүнээс улбаалж улсын эдийн засаг бүтээмжгүй, төсөв үр ашиггүй болоод байна. Төсвийн хүрээ гэдэг нь ирэх 3 жилд улсын төсөв яаж явах юм, төсөв хаашаа чиглэгдэх юм, дээд доод хязгаар нь хаашаа байх юм, төсвийнхөө гадна талын цар хүрээг нь тодорхойлж буй чухал бичиг баримт юм. 

Энэ удаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 31,6 их наяд төгрөгөөр оруулж ирж байна. Дээрээс нь нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32,9. Тэнцвэржүүлсэн тэнцэл буюу 1,3 их наядын алдагдалтай санал орж ирсэн. 6,7,8,9 дэх үзүүлэлтүүд нь нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ, нэгдсэн төсвийн суурь тэнцлийн асуудал, ЗГ-ын нийт өрийн хэмжээ, нийгмийн халамжийн хуульд заасан төсвөөс хуваарилах зардлын дээд хэмжээ гэх зэрэг 9 зүйлийг төсвийн хүрээний мэдэгдэл дээр баталдаг. Энэ нь ирээдүйн 3 жилд Монгол Улсын ЗГ-ын өр яах юм, ДНБ яах юм гэсэн өндөр ач холбогдолтой зүйлийг мэргэжлийн түвшинд хэлэлцэж батлах ёстой. Бид харамсалтай нь төсөвтэйгөө дандаа уяж ороод байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг жишээлбэл өндөр хөгжилтэй Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Европын Холбоо, Чили, Норвег зэрэг улсууд нь 15-аас 20 үзүүлэлтээр авч хэлэлцдэг. Үүнийг яг энэ утгаар нь хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад санал болгож байгаа. Тухайлбал төсвийн хүрээний мэдэгдэл дээр санхүүгийн төлөвлөлтийн мөчлөгийн нөлөө гээд яриад байдаг. Эдийн засгийн мөчлөг гэдэг бол эдийн засаг өсөх буурах болон ямар нэгэн онцлог үзэгдэл болж байгаа тухай асуудалд. Тэгэхлээр энэ мөчлөг тохиолдоогүй үеийн хэвийн өсөлт нь юу байх юм, ДНБ хэд байх юм гэдэг асуудлыг харж байж эдийн засгийн бодлогоо явуулах юм. Ингэж гэмээ нь энэ мөчлөг үнэхээр тохиолдож байга эсэх, мөчлөгийн нөлөөлөл юу байх юм, мөчлөгөө яаж сөрөх юм гэдэг бодлого боловсруулах шаардлагатай. Дээрээс нь бага зэргийн хэлбэлзлүүд орж ирэхэд төсөв яаж өөрчлөгдөх юм гэдэг мэдрэмжийн шинжилгээнүүд огт хийгдэхгүй байна. Татвар ямар бүтэцтэй байх юм, аль төрлийн татварыг ихэсгэх юм, аль төрлийн татвар нь нэмэгдэх эсхүл бууруулах боломжтой юм гэдгээ энд хэлэлцдэг. Дээрээс нь улсын салбарын хөрөнгө оруулалт өгөөжтэй байгаа эсэхийг баталдаг. Нийгмийн салбаруудын зардлын хуваарилалтыг яаж оруулж ирэх юм зэрэг олон үзүүлэлттэй болгоод, ирэх 3 жилээ мэргэжлийн түвшинд таамаглаад баталсныхаа хүрээн дээр тухайн жилийнхээ төсвийг боловсруулж явуулдаг. Энэ шаардлагыг тавьж ажиллаж байна" гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008