#Коммент4 мин унших

П.Сайнзориг: И-спортын тамирчдын амжилт гаргаж авсан шагналаас төр татвар авахгүй, харин и-спортыг дэмжсэн ААН-ийн татварыг 1% хөнгөлнө

П.Сайнзориг: И-спортын тамирчдын амжилт гаргаж авсан шагналаас төр татвар авахгүй, харин и-спортыг дэмжсэн ААН-ийн татварыг 1% хөнгөлнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг

Хуулиа мэддэг, хэл амнаас айдаггүй, хэлэх гэснээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг хувийн биш нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг харьцангуй шударга хуульчид  парламентад цөөнгүй бий. 

Өнгөрсөн 8 сард буюу Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед П.Сайнзориг, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, тэр дундаа олимпын төрлийн спортуудыг дэмжиж буй байгууллагуудын ААНОАТ-т төлдөг татварынх нь 1%-тай тэнцэх хэмжээний татварыг хөнгөлөх хуулийг УИХ-аар батлуулсан байдаг.  

Энэ хууль амжилттай хэрэгжээд бодит үр дүнгүүд нь ч гарчихсан. Хууль батлагдсанаар сагс, волейболын спортын лигийн тамирчид спортын уралдаан тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилтаа хангах боломж нэмэгдсэн гэж хэлж болно. Түүнчлэн үүнийгээ дагаад гаднын лигонор тамирчид ихээр ирж оролцох бололцоотой ч болсон. Гэтэл и-спортын тамирчдын асуудал орхигдчихсон нь нууц биш. Нэг ёсондоо, и-спортын тамирчдад дэмжлэг үзүүлбэл татвараас хөнгөлөгдөх заалт байхгүй гэсэн үг. Технологийн эрин үед и-спорт тэр дундаа өрсөлдөөнт багийн спортууд яах аргагүй “спортын төрөл” хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Монгол залуучууд ч үүгээр нь хичээллээд амжилт гаргаж байна. 

Монгол Улсын ЗГ-аас өргөн бариад УИХ-аар батлагдсан ААНОАТ-ын 22.9 -д заасанчлан олимпын болон пара олимпын төрлийн спортууд компаниудтай хамтран ажиллах боломжтой байгаа ч и-спорт үүнээс хамрагдаж чадахгүй орхигдчихсон байгаа. Үүнд И-спортыг хамруулчихвал тухайн компанийн үйл ажиллагааг ч олон улсад сурталчлан таниулах, маш өргөн боломж нээгдэх юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэхдээ, “Дэлхий нийтийн түүхээсээ авч үзвэл технологийн эрин үе буюу 1970-1980 оны үед компьютерын тоглоомууд явсаар спорт болтлоо хөгжсөн. Цаашдаа ОУОХ-ноос 2027 онд Сауын Арабд спортын наадмыг зохион байгуулах, энэ нь цаашлаад олон улсын томоохон тэмцээн болж Олимпын төрөлд багтах суурь тавигдчихлаа хэмээн харж байна. Одоо хүчин төгөлдөр хуулийнхаа 22.9.6 дээр спортын барилга барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах болон ҮОХ пара олимпын хорооны бүртгэлтэй спортын холбоо баг тамирчдыг дэмжиж болохоор байгаа. Үүн дээр нь Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу тодорхой спортын төрөл гэдгээр хүлээн зөвшөөрөгдөөд сонгон шалгаруулаад үндэсний багуудыг бий болгож байна. Энэ хүрээндээ Соёлын яам дээр 25 орчим ҮШБ бүрдсэний нэг нь и-спортын баг болж байна. Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн спортын ҮШБ, түүний харьяалагддаг спорт холбоог ААН байгууллагуудтайгаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эдэлж байгаа хандив тусламжийг авах, хамтран ажиллах бололцоог нь нээж өгье гэдэг товчхон агуулгатай хууль байгаа. Энэ хуулиа дагаад ХХОАТ дээрээс гадаад улсад тэмцээн уралдаанд оролцож олсон орлогоос шагнал урамшууллыг нь хүн амын орлогын татвараас чөлөөлөөд чөлөөлье гэдэг агуулгатай. Европын ихэнх орнууд энэ мэт татварын бодлогоор дэмжих өнгө аяс руу орж байгааг хэлэх нь зүйтэй” гэв. 

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, “Бидэнд цаг үеийн шаардлагатайгаа зохицож амьдрах, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг хөгжил дэвшилд тохирсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байна. Манай ард түмэн үндэсний өв соёл, морин уралдаанаараа бахархан баярладаг, өв соёлоо тээдэг спортын уламжлалтай. Түүнээс гадна олимпын төрлийн спорт буюу сагсны баг хамт олон эрчимтэй хөгжиж, үүгээр хичээлллэх хүүхэд залуус нэмэгдэж байна. Волейболын баг хүүхэд залуучуудын сонирхлыг татдаг ч болж байна. Үүнээс гадна Монголчуудыг омогшуулж, огшоож, байгаа нь Монголз баг. Гаргаж байгаа амжилтыг нь үнэлэх дүгнэхэд бидний санаачилж байгаа хууль үнэтэй хувь нэмэр оруулна. Уг хуулийг намрын чуулгандаа өргөн барьж хэлэлцүүлье гэсэн бодолтой байгаа” гэв.

Товчхондоо, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгж И-спортын багтай хамтран ажиллах тохиолдолд ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх боломжийг нээх, шагнал, урамшуулалыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын хамтаар санаачилж олон нийтээр хэлэлцүүлж, эрх бүхий байгууллагаас санал дүгнэлт авах процессыг эхлүүлжээ. Түүнчлэн Биеийн тамир, спортын хуулийн дагуу байгуулагдсан Үндэсний шигшээ багийн хэрэгцээнд зориулан гадаад улсын иргэн, хуулийн этгээдээс хандив, буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-с чөлөөлөх замаар хүүхэд, залуучуудыг спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх өөрчлөлтийг холбогдох хуулийн төсөлд мөн тусгасан болно.

 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ТатварХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2013
  3. 2012
  4. 2010
  5. 2009
  6. 2008