Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Монгол Улсын хууль тогтоомжоо хэрэгжүүлж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаад Онтри дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийж чадах уу!
УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг анх удаа явууллаа. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ" болгон өөрчилсөн.
Ингэснээр парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөнө гэж үзсэн. Анхны УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Маш тодорхой асуулт, шийдэл асуумаар байна. Нэгдүгээрт, Оюутолгой бүлэг стратегийн ордын хил заагт албан ёсоор оршиж байгаа Онтра компанийн эзэмшилд байгаа Жавхлант, Шивээ толгой гэсэн энэ 2 үндсэн лиценз дээр Оюутолгой дээр бид нар 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан шиг гэрээ байгуулах уу? Үүнийг энэ цаг хугацаандаа хийж чадах уу? Учир нь яг энэ цаг мөчид Рио Тинто компани нь энэ 2 компанийн лицензийг шилжүүлэхээр үйл ажиллагаа явуулж байгаа. Шүүхэд хүртэл өгсөн байгаа. Үүнийг бид нар шийдэж чадах уу, Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадах уу?
Бид Монгол Улсын хууль тогтоомжоо хэрэгжүүлж, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаад Онтри дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийж чадах уу? Хоёрдугаарт 2011 онд дахин тодотгосон нэмэлт өөрчлөлт оруулсан хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгаа. Энэ гэрээгээр Монгол Улсад 12 тэрбум доллар болсон хувь нийлүүлэгчдийн зээл 11% хүү төлж байгаа. Үүнийг бид нар дахин авч хэлэлцэх гэрээний эрх нь байгаад байна. Энэ эрх дуусахад бид нарт 100 хүрэхгүй хоног л үлдсэн байна. Тэгэхээр энэ гэрээний эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаанд нь бид хүүгээ зах зээлийн зарчимд нийлүүлэн зохистой бууруулж чадах уу? Рио Тинто лицензээ шилжүүлэх гээд ажиллаж байгаа. Энэ 2 лиценз шилжих юм бол УИХ-ын бүрэн эрхийг давж ЗГ-тай гэрээ хэлэлцээр хийхгүйгээр шилжих гээд байгаа юм. Хэрвээ ингэж шилжих юм бол хэн хариуцлага хүлээх юм, Ард түмэнд бид нар ямар хариулт өгөх юм?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

