Байр суурь2 мин унших
Л.Соронзонболд: Бид цаашдаа чухал шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ зээлээр шийдээд байх нь зөв үү?
УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо 2025.09.30-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа.
Нэгдүгээрт, Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл дээр нийтдээ 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллахаар төсөл орж ирсэн. 2026 онд Монгол Улс нийтдээ 1 3,7 их наяд төгрөгийг гадаадын улс орнуудаас авсан үндсэн зээлийн төлбөр болон хүүнд төлж байгаа юм. Хүүгийн төлбөр нь 1,3 их наяд болж байгаа. Тэгэхээр Монгол Улсын төсвийн алдагдал маань хүүгийнхээ төлбөртэй тэнцчихээд эхэлж байгаа юм. Тэгэхээр зээл дээр маш болгоомжтой хандах ёстой, зээлээ илүү үр ашигтай төслүүдэд зарцуулах ёстой гэдгийг харуулаад байгаа юм. АХБ бол манай улсын гадаадаас авсан зээлд хамгийн том зээлдүүлэгч юм байна. Нийт авсан зээлийн маань 63%-ийг зээлдүүлсэн, нийтдээ 7,5 их наяд төгрөг зээлдүүлсэн байдаг юм байна. Тэгэхээр АХБ-ны авсан төслүүдийг эдийн засгийн хэдэн үр ашигтай төсөлд зарцуулсан бэ?
Хоёрдугаарт, 475 сая ам.долларын 130 сая ам,доллар нь л зөвхөн сургууль цэцэрлэгийн барилга байгууламж болоод үлдсэн тоног төхөөрөмж болж байгаа юм. Тэгэхээр нягтлан бодох бүртгэлийн стандартаар болохоор тоног төхөөрөмж ер нь дунджаар 5-аас 10 жилийн хугацаанд элэгдээд дуусдаг аа. Бид зээлээ 25 жилийн хугацаатай авч авч байгаа. Тэгэхээр яг энэ зээлээ төлж байх хугацаанд маань энэ тоног төхөөрөмжүүдийг бараг дахин 3-аас 4 удаа худалдан авах шаардлага гарч ирж байна. Бид нар ийм тоног төхөөрөмжийг зээлээр санхүүжүүлээд яах юм уу? Үнэхээр маш чухал яаралтай тоног төхөөрөмжүүд нь хэдэн хувь нь юм бэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


