Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Улсын хөрөнгөөр алийг, зээл тусламжаар аль төслөө хэрэгжүүлэхийг эрэмбэлж, нарийн хуульчлахгүй бол аргацаасан шийдвэрүүд асуудал дагуулсаар...

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2026.04.15/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.
Өмнөх 4 жилийн хугацаанд Төсвийн байнгын хорооны дарга байсан Г.Тэмүүлэн гишүүн хэлж байна. Энэ төсвийн сахилга баттай холбоотой асуудал байсаар байна. Мөн эрчим хүчнийхээ салбарын асуудлаа шийдмээр байна. Бусад салбарын сайд нар асуудлаа шийдэх гээд ороод ирдэг. Гэтэл нөгөө талдаа гадаад зээлийн асуудлуудыг шийдэхээр Төсвийн тогтвортой байдлын хуульд тусгагдсан төсвийн дүрмүүдээ зөрччихөөд байгаагаа бид мянган удаа ярьж байна. ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулсан төсвийн алдагдлын хэмжээ гээд өрийг өрөөр дарсаар яваа. Өссөн хэмжээндээ хүрээгүй байгаа энэ олон асуудлуудыг яаж шийдэх вэ?
Сангийн яаман дээр боловсруулагдаж байгаа Хөрөнгө оруулалт удирдлагын тухай хуулийн төсөл дуусах шатдаа явж байна. Энэ хуулиар төсвийн сахилга батыг хадгалах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл аливаа хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэр нь чухал байна.
Улсын төсвөөрөө аль аль хөрөнгө оруулалтаа хийх юм, гадаадын зээл тусламжаар алийг нь хэрэгжүүлэх вэ гэдгээ эрэмбэлэх юм. Улмаар төслийнхөө хэмжээг бичлээс нь эхлээд мега хүртэл ангилаад зөвхөн төсвийн хэмжээн дээр суурилах уу, цар хүрээгээр нь үү гэдгийг нарийн зохицуулж өгөх юм. Энэ бол маш чухал хууль шүү. Эс бөгөөс түр зуурын байдалтай, үүрдийн бус шийдвэр нь эргээд асуудал дагуулдаг байдал үргэлжилсээр байна. Төсвийн сахилга батаас гадна нэмж хэлэх нэг зүйл бол төлөвлөлт, тооцоолол байгаа юм. Үүн дээр анхнаасаа дутуу, буруу явчихаар гүйцэтгэлийн үнэлгээ дагаад буруу гардаг. Чөтгөрийн тойрог гэж хэлдэг шүү дээ. Энэ байдал шийдвэр гаргах түвшинд яваад байна шүү гэдгийг зориудаар протоколд тэмдэглүүлэн үлдээе!