Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Сонгуулийн үйл ажиллагааны хүртээмжийг хангах нь нэн тэргүүний ажил байх ёстой

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2025.09.30/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн эрхийг дэмжихтэй холбоотой тусгай зохицуулалт шаардлагатай байгааг тодотгоод, тус хорооны төсөвт энэ эрхийг хангахтай холбоотой ямар арга хэмжээг төлөвлөж байгааг тодруулав.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тодорхой чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолыг танилцуулав.
Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төлөвлөгөөг хийхдээ үйл ажиллагааны чиглэлийг задлах хэрэгтэй. Сонгуулийн үйл ажиллагааны хүртээмжийг хангах нь нэн тэргүүний ажил байх ёстой. Үүнтэй хамт биет орчны хүртээмж, мэдээллийн хүртээмжийн технологийн шийдлийг оруулах нь зүйтэй. Мэдээж хүний нөөцөө чадавхжуулж, сургах хэрэгтэй байна. Хяналт оролцоог сайжруулах чиглэлийн ажлуудаа иргэний нийгмийн байгууллагууд руу чиглүүлэн хийхээс гадна эрхийн баталгаажуулалт руу чиглэсэн ажлууд зохион байгуулах хэрэгтэй хэмээн онцолсон юм.
