Байр суурь2 мин унших
Н.Батсүмбэрэл: Гишүүдийг Монгол Улсын зээлтэй холбоотой мэдээллээр бүрэн хангах шаардлагатай
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо (2025.10.01) хуралдав.
Хуралдаанаар хэлэлцэх эхний гурван асуудал буюу “Хянан шалгагч томилж, ажлын даалгавар батлах тухай”, “Шинжээч томилох тухай”, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэж, хаалттай санал хураалтаар дэмжив.
Үүний дараа “Нотлох баримт цуглуулах тухай” Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх сэдвийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас нотлох баримтуудыг гаргуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан тус төслийн талаар О.Батнайрамдал дарга танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Монгол Улсын өр зээлтэй холбоотой асуудлаар энэ оны төсөв батлагдсаны дараа дахин мэдээлэл сонсъё. Гишүүд нэлээдгүй мэдээлэлтэй болж авах хэрэгтэй байна. Төсөв тэлж байгаа учраас зээлийн хэмжээ багасч буй юм шиг харагдаж байна. Үүнийг нягталж үзэх хэрэгтэй. Мэдээлэл дотор дотоод өр 3,6 хувийг эзэлж байна. Зээлдүүлэгчид нь хэн бэ? Тэр зээл юунд зориулагдсаныг сонсох хэрэгтэй.
Мөн 2024 оны сүүлийн дүнгээр 0,5 хувийг эзэлж байгаа өрийн баталгаа хаана гарч, ямар үр дүнд хүрснийг мэдэх шаардлагатай.
Засгийн газрын өрөнд тооцогддоггүй өрийн мэдээллийг авах шаардлага бас байна. Үүнд Хөгжлийн банкнаас эхлэн маш олон асуудлууд багтана. Нэг харахад энэ банк байх байхгүй дээрээ тулсан юм шиг харагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.
Өнөөдрийн танилцуулсан мэдээллийг Сангийн яам албан байдлаар бичгээр өгөхийг хүсэж байна.
Зээлтэй холбоотой мэдээллийг цаг хугацаа товлож байгаад дахин сонсох саналтай байна!
Оны эцэст төсөв баталсны дараа, эсвэл он гаргаад гэж хугацааг нь зааж өгье!
Оюутолгойтой холбоотой асуудалд 90 хоног үлдчихээд байгаа. Багш ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж чадахгүй мөртөө, өдөрт 10 тэрбумын зээлийн хүү төлж байна. Энэ зээл яаж шийдэгдсэнийг сонсох ёстой.
Аудитын газар гадаад, дотоод өр, ЗГ-ын бус, төрийн өмчийн газруудад үүссэн эдгээр өрүүдэд дүн шинжилгээ хийсэн зүйл байна уу? Хэрэв бий бол албан бичгээр ирүүлнэ үү. Энэ талаар Үндэсний аудитын мэдээллийг сонсмоор байна. Нүдээ хаагаад, чихээ бөглөөд, амаа хамхиад сууж болохгүй, энэ асуудалд.
Бид Рио Тинтогоос 11 хувийн хүүтэй зээл авчихсан. Үүний хүүд өдөрт 10 тэрбум төгрөг төлж байгаа мэдээллийг мэдээллийн хэрэгслүүд өгч байна. Оюутолгой болон Онтрэтэй холбоотой Хянан шалгах түр хороо ажиллаж байгаа мэдээлэл яагаад энэ тараагдсан материал дээр яагаад байсангүй вэ?
Энэ хүүг бууруулах тал дээр Сангийн яам ажиллаж байгаа юу? Авч буй мэдээллээр 6-7 хувийн хүүтэй бондууд бий.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

