Үйл явдал2 мин унших
Сэргээн засах тусламжийг тасралтгүй, үе шаттай, хүртээмжтэй үйл явц байлгахыг зөвлөлөө

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2025.09.27/ Rehabilitation International байгууллагын тэргүүн, БНГУ-ын Сэргээн засах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Европын Сэргээн засахын академийн удирдах зөвлөлийн гишүүн, сэргээн засахын эмч профессор Кристоф Гүтенбрүннер, мөн Хонг Конг Улсын Сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн мэргэжилтэн, ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвийн зөвлөх Шейла Пурвэс нартай уулзлаа.
Rehabilitation International нь 1922 онд АНУ-ын Охайо мужид “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмлэг” нэрээр байгуулагдаж, 1972 оноос “Rehabilitation International” буюу “Олон улсын сэргээн засах байгууллага” нэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
Тус байгууллага нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN-ECOSOC)-ын зөвлөх статус бүхий, ЮНЕСКО болон ДЭМБ-ын “Disability Health Equity Network”-ийн үүсгэн байгуулагч гишүүн юм.
Ноён Гүтенбрүннер нь Монголын Сэргээн засахын нийгэмлэгийн 20 жилийн ойд оролцож, Монгол Улсад тус байгууллагын үндэсний гишүүн байгууллагын гэрчилгээг гардуулан өглөө.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” 2024 оноос хойш Rehabilitation International-ийн үндэсний гишүүн байгууллага болсон билээ.
Хатагтай Шейла Пурвэс Монгол Улсад олон жил ажиллан, сэргээн засах тусламж үйлчилгээний хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн. Түүний санаачилгаар Хонг Конг, Монголын хамтын ажиллагаа өргөжиж, Хонг Конгийн Политехникийн их сургуулийн төслийн хүрээнд Сувилахуйн сургуульд “Туслах технологийн лаборатори” байгуулагдсан нь онцлох жишээ юм.
Зочид 9 дүгээр сарын 30-нд Төрийн ордонд “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт чуулганы талаар санал солилцсон байна.
• Ноён Кристоф Гүтенбрүннер “Сэргээн засах ба хүртээмж – НҮБ-ын ХБХЭТ Конвенцыг хэрэгжүүлэхэд хүний эрх ба сэргээн засах тусламж үйлчилгээний стратегийн уялдаа” сэдвээр,
• Хатагтай Шейла Пурвэс “Сэргээн засах олон мэргэжилтний баг бүрдүүлэх дэлхийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
О.Саранчулуун гишүүн зочдын хамтаар сэргээн засах стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, “Эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, үйл ажиллагааны олон улсын ангилал (ICF)”-ыг Монгол Улсад нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэв.
Хүний эрх ба хүртээмжтэй сэргээн засах үйлчилгээ
Rehabilitation International-ийн гол зорилго нь хүний бие махбодод чиглэсэн “сэргээн засах үйлчилгээ” болон нийгмийн “хүртээмж”-ийн харилцан уялдаанд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүний бүрэн оролцоог хангах явдал юм.
Энэхүү стратеги нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн зарчимд нийцэж, хүний эрхийг дээдэлсэн, хэрэгцээнд тулгуурласан, хүн бүрт хүрэхүйц тусламж үйлчилгээний системийг хөгжүүлэхийг чухалчилдаг.
Мөн сэргээн засах тусламжийг анхан шатнаас лавлагаа шат хүртэлх бүх түвшинд нэгтгэх, чанар, хүртээмж, үнэ хөлсний бодит тэнцвэрийг хангах, хөдөө орон нутагт хамт олонд түшиглэсэн сэргээн засах стратегийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Үүнтэй уялдан, ДЭМБ-ын “Эрүүл мэндийн тогтолцоонд сэргээн засах тусламжийг бүх түвшинд нэгтгэх” тогтоолыг дахин сануулж, сэргээн засах тусламжийг тасралтгүй, үе шаттай, хүртээмжтэй үйл явц байлгахыг зөвлөлөө.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
