Үйл явдал1 мин унших
Цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхлэгч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачлан боловсруулж, УИХ-ын нэр бүхий 8 гишүүний хамт өргөн мэдүүлсэн “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” /ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ/ хуулийн төслийг өнгөрсөн хаврын УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хугацаанд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ахалж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Өнөөдөр тус Ажлын хэсгийн анхны хуралдаан болж, хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн Дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэдийн эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлд энэхүү хуулийг төслийг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар идэвхийлэн ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

