Үйл явдал3 мин унших
Бүтээн байгуулалтын ажилын чанар, техникийн шийдлийг шалгаж, хяналт тавихыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.08.08) Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн Шувуун фабрик, Туулын гүүр, Эмээлт орчмын зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөллийг хүлээн авч уулзан ажлын явц, тулгамдаж буй асуудал, бүтээн байгуулалтын чанар, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.
Төслийн Шувуун фабрик, Эмээлт орчмын 28 орчим километр үргэлжлэх II, III шатны холболтын хэсэгт дотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгч компани ажиллаж байна.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замчдын баярын өдөр, бас амралтын өдөр уулзалт зохион байгуулж байгаадаа хүлцэл өчөөд, улс орны стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах зорилгоор хүрэлцэн ирсэн компаниудын төлөөлөлд талархал илэрхийллээ.
Сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр төслийн талбайд ажиллах үеэрээ Эмээлт рүү өгсөх төмөр замын трассын дагуух гүүр, ус зайлуулах хоолой, далан, газар шорооны ажлын явцтай нэг бүрчлэн танилцаж, тухайн орчны газарзүйн онцлог, инженерийн нөхцөлтэй уялдуулан зарим байгууламжийн техникийн шийдлийг нарийвчлан тооцоолох, дахин хэлэлцэх шаардлагатай байгааг онцолж, шуурхай зөвлөлдөх чиглэл өгсөн юм.
Тиймээс өнөөдрийн уулзалтад төсөл хариуцагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Төсөл хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир болон холбогдох албан тушаалтнууд, мөн төслийн II, III шатны холболтын хэсэгт ус зайлуулах хоолойн ажил гүйцэтгэж буй дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн удирдлагууд оролцлоо
ТЕХНИКИЙН ШИЙДЛИЙГ БОДИТ НӨХЦӨЛТЭЙ УЯЛДУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан зарим цэгт баригдаж буй ус зайлуулах хоолой, бусад барилгын ажил нь тухайн газрын газарзүйн онцлог, усны урсац, инженерийн шийдэлтэй бүрэн уялдаагүй байгааг шүүмжилж, зураг төсөл, хяналт, гүйцэтгэлийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Мөн тэрээр тухайн ажлын явц, нөхцөл байдлыг харуулсан зураг, бичлэгийг инженер техникийн ажилтнуудад танилцуулж, зураг төсөл боловсруулахдаа бодит нөхцөл байдлыг газар дээр нь нарийвчлан судалж, инженерийн тооцооллыг зөв хийх, төлөвлөсөн байгууламж бүр шаардлагатай эсэхийг үндэслэлтэй тодорхойлох шаардлагатайг зураг төслийн компани, төсөл хариуцагч байгууллагынханд анхааруулав.
Мөн ойрхон зайд олон тооны гүүр, ус зайлуулах хоолой төлөвлөсөн байдалд дүгнэлт хийж, усны урсац, газрын байршил, инженерийн нөхцөлийг харгалзан нүхэн гарц болон ус зайлуулах байгууламжийн байршил, хоорондын зайг дахин тооцож, шаардлагагүй давхардлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Сайдын зүгээс 2-3 цэгт гүйцэтгэсэн ажлуудын зардлыг бүрэн тооцож, шаардлагагүй, буруу шийдлээс үүдэн үргүй зардал гарсан эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх, цаашид ижил алдаа давтахгүй байхыг холбогдох инженер, зураг төслийнхөн, хяналтын байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн барилгын ажлыг нь түр зогсоосон компаниудын хүн хүч, техник хэрэгслийг сул зогсоохгүйгээр шаардлагатай бусад цэгт шилжүүлэн ажиллуулах, бүтээн байгуулалтын ажлын уялдааг хангаж ажиллах чиглэл өгөв.
СУЛ ЗОГСОЛТ ГАРГАХГҮЙ, ХОЁР ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгахын тулд ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд хүн хүч, техник хэрэгслийн зохион байгуулалтаа сайжруулж, уртасгасан цагаар, хоёр ээлжээр ажиллах шаардлагатайг салбарын сайд онцгойлон анхаарууллаа.
Ажлын гүйцэтгэл хангалтгүй, хүн хүч, техник хэрэгслийн чадавх хүрэлцэхгүй байгаа компаниудын хариуцсан ажлыг хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэсэн бусад аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг сануулав.
Сайдын зүгээс төслийн бүтээн байгуулалтын талбайд долоо хоногт 2-3 удаа газар дээр нь ажиллаж, ажлын явцад хяналт тавин ажиллаж байгаагаа хэлээд, өнөөдрийн уулзалтаар өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг ирэх мягмар гарагт газар дээр нь шалгана гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр үүрэг даалгаврын хэрэгжилтэд бодит үр дүн гараагүй тохиолдолд хариуцсан ажлыг цуцлах, өөр гүйцэтгэгчид шилжүүлэх хүртэл арга хэмжээ авч ажиллахаа хатуу анхааруулж, төслийн бүтээн байгуулалтад хугацаа алдах, үргүй зардал гаргах, ажлын чанарыг бууруулах явдалд цаашид хариуцлагатай хандана гэдгийг уулзалтад оролцсон аж ахуйн нэгж, компаниудын удирдлагуудад тодорхой хэллээ.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, аюултай болон дамжин өнгөрөх ачаа тээврийг нийслэлийн төвөөр нэвтрүүлэхгүй байх стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд төслийг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж:
Зам тээврийн яам


