Үйл явдал1 мин унших
УИХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн /2026.05.29/ нэгдсэн хуралдаан 52.4 хувийн ирцтэй эхэлж 11 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явууллаа. Хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл шаардлага хангаагүй гэж үзэн хууль санаачлагчид буцаах тухай Байнгын хорооны санал, дүгнэлтэд тэмдэглэсэн байв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц тодруулахдаа, 25 км/цаг хурдтай тээврийн хэрэгслүүд явган хүний замаар зорчиж, осол, гэмтэл их гарах болсон, гэтэл энэ хуулийн төсөлд үүнээс хоёр дахин хурдтай тээврийн хэрэгсэл унах нөхцлийг тусгасан нь асуудлын гарц биш учраас дэмжихгүй гэв. Ажлын хэсгийг төлөөлж, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал нар гол асуудлыг хуульд ерөнхийлөн зааж, нарийвчилсан зохицуулалтыг замын хөдөлгөөний дүрэмд оруулна хэмээн тайлбарлалаа. Хуулийн төсөлд гишүүдийн олонх дэмжсэн санал өгсөн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

