#Шилэн хууль3 мин унших

Суррон, скүүтер жолоодох насны доод хязгаар 18 боллоо

Суррон, скүүтер жолоодох насны доод хязгаар 18 боллоо

Шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслийн хэрэглээ огцом нэмэгдэж  тэр хэрээр осол бэртэл олширч буй нь хууль үгүй, төрийн бодлого, шийдвэр үгүйлэгдсэнийг цаг тутамд харуулж буй. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Г.Лувсанжамц нарын 2 жилийн хугацаанд боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өчигдөр /2026.06.04/ болж, УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдэн, батлагдлаа.

Ингэснээр нийслэлийн иргэдийн түгээмэл хэрэглээ болоод буй СУРРОН, СКҮҮТЕРИЙН хэрэглээг зохицуулах боломжтой боллоо.

Ингэхдээ скүүтер, мопед түүнтэй адил үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг УНАДАГ ДУГУЙТАЙ адилтган үзэх, суррон буюу цахилгаан дугуйг МОТОЦИКЛТЭЙ адилтган үзэж замын хөдөлгөөнд оролцохоор болж байна.

Энэхүү хуулиар: 

  • Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

  • Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

  • СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,

  • Скүүтер, Сурроныг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,

  • Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;

  • 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;

  • Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Суррон, скүүтер жолоодох насны доод хязгаар 18 боллоо
П.Батчимэг нарын УИХ-ын гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлэв.

Ийнхүү явган зорчигч-иргэд, хэрэглэгч, нийлүүлэгч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалсан заалтууд орж чадлаа гэж хууль санаачлагчид дүгнэлээ. Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг дарга, Тээврийн цагдаагийн албаны хийх ажил үлдлээ. Хуулийн хэрэгжилтийг батлагдсан цагаас эхлэн нэхэн, шахаж ажиллахаа мэдэгдээд байна.

Хэлэлцүүлгийн явцад хэдий хууль батлагдлаа ч уг тээврийн хэрэгслийн зорчих дэд бүтэц байхгүй асуудал шүүмжлэл дагуулаад байсан юм.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг “Замгүй байж хууль баталлаа гэж гомдоллох. Хэзээ замтай болж, мөрөөдлийн замаа хүлээж хуульгүй, дүрэмгүй давхиж осолдож бэртэж, тахир дутуу болж, амь нас хохирохыг харж хүлээж суух вэ. Энэ л том асуудал. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Иргэд маань нэгийг бодож, хоёрыг тунгаах ёстой” гэдгээ илэрхийлэв.

Хуулийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ахлан ажиллаж цаг үеэ мэдэрсэн, нөхцөл байдалд тохируулсан, олон улсын жишиг, орчин үеийн тээврийн хөгжил, бизнес эрхлэгчдийн эрх ашиг, иргэдийн аюулгүй зорчих бүхий л асуудлыг олон талаас нь бодолцож боловсруулсныг онцлох нь зүйтэй.

Суррон, скүүтер жолоодох насны доод хязгаар 18 боллоо

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

"Бидэнд үндсэндээ 3 сонголт бий.

  1. Явган хүний замаар явах буюу одоогийн байгаагаараа үлдэх

  2. Улаанбаатар хот дугуйн замтай болох хүртэл тэр чигт нь хориглох

  3. Өнөөдөр батлагдсан хуулийн зохицуулалт.

Анхдагч төсөлд бичилтийн 50 хувийн өөрчлөлт орсон ч дийлэнх агуулга Замын хөдөлгөөний дүрэм болоод Зөрчлийн хуулийн давхардсан заалтуудыг уг хуульд тэр хэвээр оруулахаар өөрчлөн найруулсан бол агуулгын хувьд түрээсийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авдаг болох, явган хүний замаар огт явуулахгүй болоод насны доод хязгаарыг 18 болгох 3 том өөрчлөлтийг Ажлын хэсгээс оруулсан" гэв.

Ийнхүү хууль хэрэгжүүлэх,  хянах зохицуулах үүрэг,  замтай болгох асуудал Засгийн газар, Нийслэлийн Засаг даргад шилжлээ. Иргэд хуулиа дээдэлж, хаа хаанаа хичээвэл хууль үр дүнтэй хэрэгжих нь гарцаагүй билээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2018
  3. 2015
  4. 2012
  5. 2009