#Ажлын хэсэг1 мин унших
ХЗБХ: Скүүтер, сурроны хэрэглээг зохицуулсан хуулийн төслийн байнгын хороонд ирүүлсэн санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/-ийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн.

Хүн амын хэт төвлөрөл, хотын автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа, мөн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл, хүний амь хохирох асуудал үүсэх болсон зэрэг нь уг хуулийн төслийг хэрэгцээ, шаардлагыг илтгэх ажээ.
Тиймээс ес дэх удаагийн парламент байгуулагдсан даруйдаа л хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан онцлогтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг олонтаа хуралдаж, саналууд боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг илтгэсэн.

Байнгын хороонд ирүүлсэн санал, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


