#Коммент3 мин унших

Б.Жавхлан: Оюутолгойн зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулахад Монгол Улсад ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол бий

Б.Жавхлан: Оюутолгойн зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулахад Монгол Улсад ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол бий

Оюутолгойн зээлийг хүүг бууруулах асуудалд монгол иргэн бүр санаа чилээж байна.

Рио Тинто группээс авсан нийт 12 тэрбум ам.долларын зээл бий. Үүний тал нь хуримтлагдсан хүү юм.

Тодруулбал, төсөл анх хэрэгжсэн 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг. Энэ үед л зээлийн хүүг 11,1 хувиар тооцож тогтоосон.

Түүнээс хойш төслийн эрсдэл буурсаар өнөөдрийн хувьд бараг 0 хувьтай болсон. Иймээс дээрх хүүг зах зээлийн зарчимд нийцүүлэн бууруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна.

Бид өнөөдрийг хүртэл Оюутолгойн ногдол ашгаа хүртээгүй яваа.

Учир нь 34 хувийн ногдол ашгаа авахын тулд зээлээ бүрэн төлж дууссан байх ёстойг гэрээнд тусгасан.

Тиймээс зээлээ хурдан төлж дуусгах нь нэн тэргүүний асуудал. Үүний гол арга зам нь хүүг бууруулах явдал. Хүүг бууруулж байж үндсэн төлбөрөө хурдан төлж дуусна гэсэн үг.

7 жилд нэг удаа гэрээнд өөрчлөлт оруулах заалттай бөгөөд тэр хугацаа 2 сар хүрэхгүй хугацааны дараа болох тул Монголын талаас яаралтай энэ асуудлыг олон улсын жишигт нийцсэн, өөрөөр хэлбэл монголын талд "шударга" байх зарчимд нийцсэн байдлаар зээлийн хүүг бууруулах асуудлыг оруулах шаардлагатай болоод буй.

Б.Жавхлан: Оюутолгойн зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулахад Монгол Улсад ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол бий

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг "Оюу толгой" төслийн хүрээнд хувь нийлүүлэгчээс олгосон зээлийн хүүгийн нөхцөлийг зах зээлийн зарчимд нийцүүлэх, зээлийн хүүгийн асуудлыг долоон жилд нэг удаа хөндөх тухай гэрээний заалтыг дахин авч үзэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан ёсны саналыг хүргүүлээд байгаа.

Хэрэв манай талаас санал болгох зээлийн хүүг 2-3 нэгжээр бууруулах хүсэлтийг айлын тал хүлээн авбал Монгол Улсын Засгийн газарт ногдох өгөөж 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх тооцоолол бий.

Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ тухайд, зээлийн хүүг бууруулах ажил нь компани хоорондын ажил. Гэхдээ Засгийн газар хариуцаж авах шаардлагатай болсон. Тиймээс надад үүрэг өгч, наймдугаар сарын сүүлээр ажлын хэсэг байгуулагдсан. Хугацаа бидэнд бий. Энэ удаа зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна. Урьдчилсан ажлуудыг Засгийн газар сайн хийгээд байна. Оюу толгойн гэрээг ард түмний ашигт нийцүүлэн сайжруулах үндэсний экспертүүдийн чадвар өндөр түвшинд хүрсэн гэж үзэж байна. Ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа багтаа итгэж байна хэмээн тодотгов.

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав хэмээн өнгөрөгч есдүгээр сарын 1-ний өдөр зарласан тул хэлэлцээр амжилттай хийгдэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.

Тиймээс Зээлийн хүүг бууруулж чадвал Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд нэгэн том үйл хэргийг бүтээж чадна гэсэн үг.

Оюутолгой орд нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибденийн нөөцтэй гэж үздэг. “Эрдэнэт” –ийн зэсийн нөөцөөс долоо дахин их нөөцтэй ордод хамаардаг билээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009