Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Та нар жагсаж, дуугарч чаддаггүй хүмүүсийн асуудлыг тоолгүй, шийдэлгүй орхиж байна!
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.21/хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл буюу эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Төрийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал дээр бодитоор хэдээс хэд болох вэ гэдэг тоо хэрэгтэй байна. Одоогийн байдлаар хэчнээн ахмад байна вэ?
Тэтгэврийн зээл нь олдохгүй болохоор гар утсаараа аппликейшний зээл их авч байна. Ахмадуудын энэ асуудлаар судалгаа бий юу? Давхар давхар зээлийн өрөнд орсон ахмадуудын судалгаа мэдээллийг өгөөч!
-Ажлын хэсгийн төлөөллийн зүгээс ахмадуудын зээлийн асуудлаар судалгаа авсан боловч давхар зээл авсан эсэхээр нь нарийвчлан судлаагүй байна. Банк, ББСБ болон бусад байгууллагаас зээл авсан эсэхийг судалсан судалгаа бий.
ГБХНХЯ-ны төлөөлөл:
Нийгмийн халамжийн тэтгэврийг 2025 оны тоон мэдээллээс үзэхэд 61,5 мянган хүн авч байна.
Нэгдүгээр сард олгох халалмжийн тэтгэврийн хэмжээ 397.500. 6 хувиар нэмэгдүүлэхээр өргөн барьсан төсөл дээр тусгагдсан байгаа. Өргөдлийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэгт яамны зүгээс амьжиргааны доод түвшний бүсүүдийн дундаж түвшинд хүргэн нэмэгдүүлэх санал өгсөн байгаа. Энэ тохиолдолд 48,7 тэрбум, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү мөнгөн тэтгэмжийг 16,4 мянган хүүхэд авч байна. Төсөл дээр 6 хувь нэмэгдүүлэхээр өргөн барихаар тусгагдсан. 13,2 тэрбум төгрөгийг нэмж өгнө.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
397600 төгрөг дээр 6 хувь нэмэгдэхээр 400.000 мянга дөнгөж давсан дүн л гарах нь. 61500 хүн 400 гаран мянган төгрөгөөр амьдрах нь. Үүнээс гадна өөр ямар хувилбар байгаад хаа нэгтээ очоод татгалзаад байгаа талаар сонсъё.
Ахмадуудын хувьд тоолж чадаж байгаа дан зээлээ хэлээч?
-АХТ: 2025 оны наймдугаар сарын байдлаар тэтгэврийн зээл авсан зээлдэгчдийн тоо 289812 байна.
-УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Зээлдэгч дунд халамжийн тэтгэвэр авч байгаа хүмүүс байгаа юу? Учир нь группээс буюу хөдөлмөрийн чадвара алдалтаар тэтгэвэрт гарсан хүмүүс дээр банкууд зээл олгохгүй байна гэдэг гомдлууд маш их ирж байгаа. Нэгдүгээрт зээлийн хүү өндөр, дээрээс нь авч байгаа халамжийн мөнгө нь бага. Зээл авах гэхээр орлого чинь хангалтгүй байна гэдэг гомдлууд байна. Аль банкууд дээр халамжийн тэтгэвэр авч байгаа хүмүүс зээл авах боломжтой буюу хүртээмжтэй үйлчилгээтэй вэ?
АХТ: Халамжийн тэтгэвэр авдаг мэдээлэл одоогоор байхгүй байна. Банкуудын төлөөллөөс асуусан нь дээр байх.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Та бүхэн жагсаж дуугарч чадахгүй хүмүүсийн асуудлыг шийдэхгүй байна! Би орилж чарлавал нэг юм дуугардаг. Жагсаж дуугарч чадахгүй байгаа хүмүүсийн асуудлыг орхиж байна. Тоолдоггүй, асуудал хаанаа байгааг тоодоггүй, ярьдаггүй. Дараагийн удаа шийдэлтэй хариултыг сонсмоор байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
