Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтыг ярих цаг болжээ
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.10.23/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
2025 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн Сангийн сайдын 112-р тушаал дээр төсвийн зарим ангилал шинэчлэх батлах тухай бий. Энэ ангилал 2025 оных.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яамны дэргэдэх зөвлөл 2-3 жилийн өмнө энэ ангиллыг оруулаад өгөөч, хүртээмжийн асуудлыг оруулаад өгөөч гэдэг саналыг удаа дараа хэлж байхад хамгийн сүүлд гарсан гарсан энэ ангилал яагаад багтаагүй шалтгааныг тайлбарлаач.
ТББХ-ны хуралдаан дээр бид хийж байна, бодож байна, ярьж байна гэдэг улиг болсон хариултаа давтсан. Би дахин яамны төлөөллөөс асууя.
Төсвийн ангилалд 86, 60, 20 гэсэн кодтой зардал бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж байна. 16 тэрбум 813 сая төгрөгөөр хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхэлдэг болох вэ?
Сангийн яамны төлөөлөл: Шинээр бий болох ажлын байрыг 4000 гэж тооцоолж байгаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийг дэмжих сан гэж байна. Гэвч ажилд орсон хүнийх нь тоо, ажиллаж байгаа хүмүүсийн ажилласан жилийн дундаж гэсэн тоон мэдээллүүд нь байхгүй. Энэ сан яг хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг эсэхийг тодруулмаар байгаа юм. Боловсролын зээлийн сан шиг, энэ сангийн зарцуулалт руу орж, ярих цаг болжээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
