Үйл явдал2 мин унших
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд ажиллаж, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2025 оны 11 дүгээр сарын 1-нд “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-д ажиллалаа.
“Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв” нь анх 1964 онд МУЗН-ийн дэргэд “Насанд хүрсэн хараагүйчүүдийн сургалтын төв” нэртэй байгуулагдсан 60 жилийн түүхт байгууллага юм. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 онд Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр сургалтын контор, 1980 оны “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын үйлдвэр” болон өргөжсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 59 дүгээр тогтоолоор “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд харааны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн дадал чадварт сургаж, хөдөлмөр эрхлэхэд тохирсон хэрэглэгдэхүүн, тохирох ажлын байраар хангаж, нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулж, үйлдвэрлэлийн чиглэлээр өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлчилгээ эрхэлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар байхаар өөрчлөн зохион байгуулжээ.
Тус төвд 82 хүн ажиллаж байгаа бөгөөд 80 орчим хувь нь харааны бэрхшээлтэй ажилтан байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосонтой холбоотой “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах ажлыг хийсэн.
2025 оны байдлаар тус төв нь Цаас, сав баглаа боодлын цех, Ариун цэврийн цаасны цех, Жижиг эдлэлийн цех, Оёдлын цех, Мужааны цех гэх зэрэг үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ, хараангүй хүмүүст мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал хараагүй иргэдэд бариа заслын сургалт явуулж өнөөдрийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн бэлтгэж Мөн Улаанбаатар хотод Бест массаж төв, болон салбаруудыг байгуулан төгсөгчдийг ажлын байраар хангаж байна. ГБХНХ-ын сайд Т.Аубакир Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба