Үйл явдал2 мин унших
Замын хөгжлийн газрын 20 жилийн ойн мэндийг хүргэе!

Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хотын дэд бүтэц, зам харгуй, гүүрэн байгууламжийн өнгө төрхийг тодорхойлж, шинээр бүтээн байгуулж буй нийслэлийн Замын хөгжлийн газрын ажилсаг хамт олон та бүхэнд түүхт 20 жилийн ойн мэндийг хүргэе.
Нийслэл хотынхоо хөгжлийн төлөө зориулж буй та бүхний нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оролцоо санаачилгын бахдам үр дүнг онцлон тэмдэглэхэд таатай байна. Нийслэлийн замын хөгжлийн газар анх байгуулагдахад нийслэлийн замын сүлжээний урт өдгөөгөөс 3.5 дахин бага байсныг та бүхэн өртөөчлөн бүтээн байгуулж, өнөөдөрт хүргэжээ. Өдгөө нийслэлийн авто замын сүлжээний урт 1300 км хүрч буй нь та бүхний ажлын амжилтын тод илэрхийлэл.
Бид хамтдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд хотынхоо нэгдүгээр түвшний замуудын дийлэнхийг нь шинэчилж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж чадсан. Харин бид ирэх жилүүдэд хоёр түвшний уулзварууд, хотын төдийгүй улсын хэмжээний анхны хурдны зам, тойрог замыг цогцлоох асар өндөр хариуцлагатай бөгөөд нэр төртэй ажилтай.
Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг буруулах, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах ажилд та бүхний оролцоо нэн чухал гэдгийг хотын даргын хувиар, хамтран зүтгэгчийн хувиар онцгойлон тэмдэглэе. Манай улс, хот цаг агаараас шалтгаалж асар богино хугацаанд бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай тулгардаг онцлогтой. Тиймээс ирэх жилүүдийн хоёр түвшний уулзвар, шинэ замуудын ажлыг богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэхийн тулд та бид хамтдаа улам хичээж ажиллах шаардлагатай.
Тиймээс цаашид хамтран хэрэгжүүлэх олон төсөл, шийдвэрлэх зорилт их байгааг нийслэлийн удирдлагын багийн өмнөөс уламжлан, Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай, аюул осолгүй зорчих нөхцөлийг улам хичээнгүйлэн бүрдүүлэх, авто замын сүлжээг тэлэх эрхэм зорилго нь амжилттай байхын эрхэм ерөөлийг нийслэлийн Замын хөгжлийн газрын үе үеийн удирдлага, баг хамт олон, албан хаагчид та бүхэнд чин сэтгэлээсээ өргөж, 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Хамтдаа Улаанбаатар хотын замын сүлжээг улам өргөтгөж, шинэ түвшинд гаргахын төлөө хичээцгээе.
