Үйл явдал2 мин унших
Артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний 104 жилийг ой тохиож байна

Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилтыг ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг үе үеийн артиллерчин дайчид, зорилго нэгт хамтран зүтгэгчид, та бүхэнд болон гэр бүлд тань өргөн дэвшүүлье.
Тэртээ 1921 оны 03 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улаас хүлээн авсан 76мм-ийн хоёр үхэр буу (ДЮИМ)-тай анхны их бууны салаа байгуулагдсан нь артиллерийн цэргийн үндэс суурь болж, тус оны 11 дүгээр сарын 15-нд Ардын цэргийн I морьт бригадын бүрэлдэхүүнд анхны Их бууны хороо байгуулсан нь орчин цагийн артиллерийн цэргийн үүсэл эхэлсэн хэмээн үздэг.
Их бууны цэрэг 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон түүхэн гавьяа байгуулсан төдийгүй хөгжлийнхөө явцад эгнээсээ 4 баатар, 18 генерал төрөн гаргасан түүхэн замналтай билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний артиллерчид өөрийн эх орондоо төдийгүй дэлхий нийтийн энх тайван, амар амгалан байдлын төлөөх үйлсэд гар бие оролцож, 2003 оноос ИБНАУ-д артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 13 ээлжийн бие бүрэлдэхүүн дэлхийн халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм.
Ингэснээр Монгол Улс Улсын Зэвсэгт хүчнээс гадаад оронд өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээрээ сургалт, засварыг явуулсан анхдагч төрлийн цэрэг болсон бөгөөд өөрсдийн дадлага, ур чадварыг дээшлүүлэх, бусад орны цэргийн алба хаагчидтай харилцан туршлага солилцох боломж бүрдүүлж, эх орон, Зэвсэгт хүчин, түүний дотор артиллерийн цэргийн түүх, дайчин уламжлалыг үргэлжлүүлсэн чухал үйл явдал болсон юм.
Зэвсэгт хүчний артиллерчин дайчдадаа орчин цагийн артиллерийн цэрэг үүсэж, хөгжсөний түүхт 104 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлье. Улаан залаат артиллерчдын яруу алдар мөнхөд бадраг.
