Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Монголбанкны бие даасан байдал руу нэг хууль гаргаад шууд халдмааргүй байгаа юм
УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Хуулийн үндэслэлийг нь авч үзэхээр төсөв болон эдийн засгийн бодлогоор зохицуулах бололцоотой зүйл харагдаад байгаа. Үүн дээр тодорхой асуултууд байна. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэж шинэ нэр томьёо гарч ирж байна. Яг энэ хуулийн агуулгыг нь харахаар ерөнхийдөө шатахуунтай холбоотой асуудал байгаа. Гэтэл дахиад стратегийн орд гэдэгтэй адил стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн гэдэг ерөнхий агуулгаар оруулж ирдэг нь өөр стратегийн ач холбогдолтой гэж нэмэх бүтээгдэхүүн байгаа юу? Үүнийг тодорхой зорилгод нь нийцүүлээд ерөнхий нэр өгч болохгүй байсан уу. АИ-92 бензиний үнийн зохицуулалт, хямдралтай үнээр авдгаас үүдэж ийм асуудлууд үүсэж байгаа юм.
Хэрвээ зах зээлийн горимоороо явдаг байсан бол эрэлт нийлүүлэлтэд үндэслээд арилжааны банкнууд нь ч санхүүжилтээ олоод заавал төв банкны санхүүжилтийг хийх шаардлагагүйг зохицуулах боломж байсан. Төсвөөрөө шатахууны савыг өөрсдөө шийдэх ийм бололцоо, боломж байсан. ОХУ-ын Роснефть компанитай хийсэн АИ-92 бензиний үнэтэй холбоотой 5 жилийн гэрээ 2028 онд дуусна гэж ойлгосон. Энэ үнэ зах зээлийн үнээрээ явахад яам ямар бодлого барьж байгаа вэ? Гэрээ дуусахад бид нар зах зээлийн үнэ рүү шилжиж чадах уу. Монголбанкны бие даасан байдал руу нэг хууль гаргаад эдийн засгийг зохицуулдаг гол салбаруудын үйл ажиллагаанд шууд халдмааргүй байгаа юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
