2 мин унших
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Тамхины хэлбэр, хэрэглээ эдүгээ цагт шинэ хэв маягт орж буй тул хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага үүсээд буй.
- ТОО БАРИМТ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2022 оны тооцоогоор Монгол Улсад тамхины хэрэглээ нийт хүн амын 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүсийн хамгийн өндөр тархалттай орны долдугаарт жагсжээ. 2024 онд импортолсон 3.5 тэрбум ширхэг янжуур тамхийг нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1000 ширхэг буюу 50 хайрцаг ноогдож буй юм.


Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын мэдээгээр 2024 онд импортолсон янжуур тамхины хэмжээ 2012 оныхоос хоёр дахин, электрон тамхины шингэн болон төхөөрөмжийн хэмжээ 2020 оныхоос 175 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи Монгол Улсын гаалиар орж ирж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болсон байна. Тэр дундаа, 13-17 насны сурагчдын 25 хүүхэд тутмын нэг нь янжуур, дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгааг 2023 онд ДЭМБ судлан тогтоосон байна.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс:
Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи хүн амд хор багатай гэдэг нь нотлогдоогүйгээр үл барам хүүхэд, залуусын дунд өргөн дэлгэрч, ирээдүйн хорт зуршлуудад хөтөлж байгааг талаар байнгын хорооны гишүүд онцолж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




