Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Монголбанк урьд хожид байгаагүйгээр хүний нөөцөө тэлсэн ч эмзэг бүлгийн хүмүүсийн судалгаа хийх болохоор хөдөлж ядаад, сэтгэл гаргахгүй байна!
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.12.02)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандаж тавьсан тэтгэврийн зээлийн асуудлаарх асуулгын хариуг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээлийн бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг хүсээд, тэдэнд зориулсан орчин нөхцлийг сайжруулахаас ажлаа эхлэхийг зөвлөлөө.
Манай улсад төрж өсөөд бүх залуу насаа улс эх орондоо зориулсан ахмадуудын асуудлыг бид өөрсдөө л шийдэхгүй бол өөр хэн шийдэх вэ! Банкны хүмүүс маань шийдэхгүй, санхүүгийн бодлого зохицуулдаг хүмүүс маань шийдэхгүй юм бол өөр хэн гэж! Энэ асуудалд та нар сэтгэл гарга л даа.
Арилжааны банкуудад уриалмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд чинь бүгд халамж авдаг хүмүүс биш. Боломж нь байвал ажиллая гээд байгаа. Тэд нарт зориулсан бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээ хүртээмжтэй болгох тал дээр манлайлаад юм яриатахаач, юм гаргаач! Та бүхэн чинь хувийн хэвшил шүү дээ.
Монголбанк сүүлийн 20-30 жил урьд хожид байгаагүйгээр хүний нөөцөө тэлсэн. Олон салбар, олон мянган ажилтантай. Ийм өргөн бүтэцтэй байж эмзэг бүлгийн хүмүүст зориулсан судалгаа хийх болохоор хөдөлж ядаад, ерөөсөө ярихгүй юм. Бүтэн жил би та нараас хүртээмжийн асуудалд ямар хариу ирэх бол гэж хүлээлээ.
Тоон гарын үсэг, IBAN код ямар ч хүртээмжгүй. Та нар өөрсдөө мэдэж байгаа юу? Хөл гар муутай хүмүүс банкны үйлчилгээ авахад ямар хэцүү байна вэ! Банкуудад чиглэж байгаа бодлогодоо энэ мэтийн жижиг сажиг асуудлаа шийдмээр байна. Ийм олон хүнтэй байж 5-6 сар судалгаа хийж байна л гээд байх юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

