Үйл явдал3 мин унших
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.02) хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар заасан. Түүнчлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тогтоолын 4-т нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулсан байна.
Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж. Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулжээ.Төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдэх юм байна. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, П.Сайнзориг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсны дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэх байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

