Онцлох мэдээ2 мин унших

Т.Аубакир: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг хүргэе.

Т.Аубакир: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг хүргэе.

Нэгдсэн Үндэстний Байгууллага 1992 оноос жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил дэлхийн улс орнууд “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн хүн амын 16 хувь, манай улсын хүн амын 3,3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Эдгээр иргэдийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, хөгжлийг дэмжихийн төлөө анхаарал хандуулж ирсэн билээ.

2025 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн чухал бодлого хэрэгжүүллээ. Үүнд Дэмжих төвийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, хүүхдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлснээс гадна хэвтрийн, байнга живх хэрэглэдэг хүүхдүүдэд живхний үнийн хөнгөлөлт олгож эхэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтад анхаарч байна. Тухайлбал, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр таван аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийг ашиглалтад оруулж, жилдээ 2500 гаруй иргэнд сэргээн засах болон зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна.

Хөдөлмөрийн насныхны 18.1 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь бодлогын түвшинд анхаарах шаардлагатай асуудал хэвээр байна. Иймд 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, “Хамгийн сайн халамж – хөдөлмөр эрхлэлт” уриан дор олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Жилийн ажлын хүрээнд “Хамгийн сайн халамж- Хөдөлмөр эрхлэлт” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх, баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, олон нийтийг энэ санаачилгад уриалах зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хэрэгцээ, тулгамдаж буй асуудлуудыг ганц эрхийн өдрөөр зогсохгүй бүхий л өдөр сонсож, хүлээн авч, боловсруулж буй бүхий л хууль эрх зүйн болоод бодлогын баримт бичигтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрэглэгч, өөрчлөгч гэсэн байр сууринд тавьж дуу хоолойг нь сонсож, оролцоог нь хангахад анхаарч ажиллана.

Хүн бүр, ажил олгогч бүр хүний эрхийн хамгаалагч байхыг уриалж байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009