Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Хавдар залуужиж байгаагийн шалтгаан нь цус ойртолт!
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгдүгээрт, Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Гэр бүлийн хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага нийгэмд үүссэн. Энэ хуулийг харахаар эцэг эх байх эрхийг хасах ингэсэн тохиолдолд мэдээж ах, дүү нарт нь үрчлүүлэх магадгүй асралт гэрт асралт гэр бүлд байлгах, асрамжийн газарт хүргүүлэх ч байдаг юм уу үе шаттай харилцаанууд байна. Нөгөө талдаа гэрлэлтээ бүртгүүлэх гэж байгаа хүн сургалтад суух гэх мэт асуудлуудын зардал, зохион байгуулах удирдлага зохион байгуулалтын менежментийн асуудлуудыг хариуцах асуудал тодорхой харагдахгүй байгаа. Тиймээс Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль яаралтай орж ирэх ёстой.
Хоёрдугаарт, ургийн овгийн асуудлыг шийдье. Энэ чинь эцэг эхийн нэрээс өөр. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх ажил дээр Монголын түүх уламжлал үнэхээр хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд ургийн овгийг хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад Монгол Улсад цус ойртолт маш өндөр түвшинд хүрсэн. Монгол Улсын 21 аймаг, 330 сум тэрдундаа сум, багийн түвшинд амьдарч байгаа хүмүүсүүдийн 85% нь 3 болон 4 дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна. Цус ойртолт нь хавдрын суурь болдог юм байна. Хавдар залуужаад байгаагийн шалтгаан чинь цус ойртолт юм байна. Дээрээс нь оюуны хомсдол болон ургийн гажгийн өөрчлөлтүүд цус ойртолтоос болж байна. Энэ ургийн овгийг өөрчлөх асуудлыг цэгцтэй өөрчлөх асуудлыг төр зохион байгуулъя гэж байгаа.
Хүн амын тооллогын материалууд төрд байгаа. 1929, 1933, 1944,1956,1988, 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн. Сая 2025 онд Польш улсаас авч ирсэн баримт ирлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн амын 2015 онд хийсэн тооллого олдсон. Энэ тооллогын баримт дээр маш нарийн деталь буюу тухайн өрхийг гэртээ гэргүй, ямар аж ахуй эрхэлдэг, жилдээ хэчнээн тонн хадлан бэлтгэдэг, статусын хувьд ямар мэргэжилтэй хүмүүс байсан юм, яг удам судрын хувьд хэн бэ гэдгийг тодруулж болох хэмжээний материалыг Польш улсаас авчирч түүхийн зарим эрдэмтэд хэвлүүлсэн байна. Энэ нь 9 боть ном.
Тиймээс төр засгаас энэ асуудлуудыг менежментийн хувьд зохион байгуулаад, ураг төрлөөрөө нэгдээд ургийн овгоо шинэчлэх асуудлыг тусгайлан хялбаршуулсан байдлаар тогтоогоод өгөх бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ асуудлуудыг дагаж мөрдөх журмын хууль болон зохион байгуулалтын хувьд шийдмээр байна. Архивын ерөнхий газар дээр материалууд ердөө 20% цахимжсан байна. Тиймээс олон нийт хүн амын тооллогыг бүрэн ашиглаж чадахгүй байна.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


