УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Гэр бүлийн салалтын шалтгаан 2017 онд 2% нь гэр бүлээс гадуур харилцаа гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл 2022 онд 20% нь гэр бүлээс гадуур харилцаа гэж шалтгаанаа мэдүүлсэн байна. Хэдхэн жилийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. Энэ бол манай нийгэмд тулгамдаж байгаа маш том асуудал мөнөөс мөн. Энэ гэр бүлийн гадуур харилцаа дээр ямар бодлого байх вэ гэдэгт асуултын тэмдэг байхад, үүнийг зүгээр торгоод өнгөрөх юм шиг, эс үгүй бол инээдэм ханиадам болгож нийгэмд ийм сонин байдлыг үүсгэж, чухалчилж авч үзэхгүй байгаа нь маш харамсалтай байна. Үүн дотроо хүүхдүүдийн асуудал маш чухлаар тавигдана.
Жилд 30 мянга орчим хүүхэд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад мэндэлж байна. Үүн дотор гэр бүлээс гадуур харилцаанаас үүссэн хүүхдүүд ч гэсэн байна. Тухайн төрж буй хүүхэд бүр хөрөнгө эзэмших, өв залгамжлах, тэжээн тэтгүүлэх эрхтэй гэж зааж өгсөн нь бол энэ хуулийн бас маш том зүйл заалтууд юм. 29.3 дээр гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж зааж өгсөн байгаа. Тэгэхээр үүнийг гэр бүлийн харилцаанаас гадуур хүүхэдтэй боллоо гэж үзэхэд тухайн хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг адил хүлээх үү.