Үйл явдал2 мин унших
С.Бямбацогт: Гэр бүл бүхнээс эрхэм, бүгдээс чухал

Гэр бүл зохионо гэдэг айл гэр болж тоглохтой адилгүй. Тиймдээ ч “Муу идэш жилийн зовлон, муу хань насны зовлон“ гэх зүйр үг гарсан биз. Нийгмийн хамгийн анхдагч нэгж болсон гэр бүлийн амьдрал ахуй, харилцаа хандлага, эв эе ямар байхаас улс гэрийн өнөө ба ирээдүй шууд хамаатай.
Засгийн газраас боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл батлагдсанаар:
Гэр бүл салалтаас болж эрх нь хамгийн их зөрчигддөг хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавина.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэгшитгэлгүй тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтооно.
Хүүхдийн тэтгэлгийг асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгоно.
Гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулна..
Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзнэ.
Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болно.
Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга бус шүүх шийдвэрлэдэг байхаар олон улсын жишигт нийцүүлнэ.
Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзнэ.
Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй болно.
Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


