Үйл явдал2 мин унших

Ж.Золжаргал: Оюутолгойн сонсгол олон хүмүүст мэдээлэл, ойлголт өгсөнөөрөө чухал боллоо

Ж.Золжаргал: Оюутолгойн сонсгол олон хүмүүст мэдээлэл, ойлголт өгсөнөөрөө чухал боллоо

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Оюутолгойн сонсголд сууж мэдээлэл авсан талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээллээ. 

Ингэхдээ тэрбээр, "Оюутолгойн сонсголд орж ажиглаж суув. Та хувьдаа компанитай бол үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр өөр хүнд даатгаж өгчихөөд ашиг хүртэнэ гээд хүлээж суух уу? Олон зүйл бий. Гэхдээ энгийн энэ асуултыг сонгоод авч үзье. 

Оюу толгойн 34% Засгийн газар эзэмшдэг ч компанийн удирдлагыг Рио тинто дангаараа явуулдаг.

Хоёр зам байж болно. Нэг бол хувь эзэмшихгүй, харин байгалийн нөөц ашигласны төлбөрийг ахиухан аваад суух. Эсвэл хувь эзэмшээд, үйл ажиллагаанд оролцоод ашиг бас хүртэх. Хоёр дахийг Монгол Улс сонгосон боловч үйл ажиллагааг нь хянадаггүй тул ашиг байхгүй…

Нөөцийн төлбөрийг тонн зэс тутмаас бодож авдаг. Компани ашигтай эсэхээс үл хамаарч авна. Нөөцийн төлбөрийг багаар тогтоовол компанийн ашиг нэмэгдэнэ, ашиг нэмэгдвэл орлогын татвар их төлнө, ногдол ашиг авна, тэгээд Монголын Засгийн газар компанийн хувь эзэмшигч тул чамгүй ашигтай байна гэсэн үг. 

Эсрэгээрээ, нөөцийн төлбөр өндөр тогтоовол компанийн ашиг буурна, ашгийн татвар бага, ногдол ашиг бага, гэхдээ компани ашигтай эсэхээс үл хамаарч нөөцийн төлбөрийг Улс тогтмол авна. 

Одоо зэсийн нөөцийн төлбөр Эрдэнэтээс “хүчээр” 21.6% авдаг бол Оюу толгой 5% дээр тогтворжуулсан гэрээтэй. Олон улсад өдгөө арав орчим байхад боломжийн. Анх нөөцийн төлбөр тогтоох үед зэсийн үнэ харьцангуй бага байсан тул 5% дээр тогтворжуулсан биз. 

Нэгэнт 34% эзэмшиж байгаа тул үйл ажиллагааг техник ба санхүү талаас хянаж, оролцох хэрэгтэй. Ингэхдээ улс төрчид биш мэргэжлийн баг хөлсөлж оруулах. Одоо бол компанийг Рио тал дангаараа удирдаж удирдлагын хөлс нь нийт зардлын 6% буюу зардал их гарах тусам “сайн удирдаж” байгаа мэт хөлс нь нэмэгдээд байдаг. Тэр хөлсөөс нь монголчууд удирдлагын багаа хуваалцаж ажиллуулаад, зардал буурахаар нь нэмэлт урамшуулал өгөөд л явах хэрэгтэй. 

Ахиад хэлэхэд олон асуудал бий ч энгийн нэгийг энд хөндөв. Энэ сонсгол хүмүүст олон мэдээлэл, ойлголт өгсөнөөрөө чухал боллоо. Хянан шалгах түр хороонд багтаагүй тул үг хэлж, асуулт асуухгүйгээр ажиглаж жаахан суув" гэв.

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009