Үйл явдал2 мин унших
Сэлбэ эмнэлэгт шаардлагатай оношилгооны тоног төхөөрөмжийг ирэх онд шийдвэрлэж өгөхөөр болов

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо.
Сэлбэ Нэгдсэн эмнэлэг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 153 эмч, ажилтантай, эмнэлгийн мэргэшсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүрэг төдийгүй Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нийт 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Дүрс оношилгооны төвд КТГ-ын оношилгоогоор улаан хоолой, ходоод гэдэсний уян дуран, эмэгтэйчүүд, зүрх судас, хөх, бамбайн хэт авиан шинжилгээ, рентген зэрэг 10 төрлийн оношилгоо хийж, нийт 822 үйлчлүүлэгч хамруулснаас эмгэг өөрчлөлттэй 27 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна. Мөн дурангийн оношилгоонд 3502 хүн хамруулснаас өөрчлөлт илэрсэн 156, эмгэг судлалын шинжилгээнд 76-г тус тус хамруулжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ. Томуугийн дэгдэлтийн үед ачаалал нэмэгдсэн хэдий ч нэг ч хүүхэд коридорт хэвтүүлээгүй амжилттай давж байна гэдгийг тус эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа танилцуулав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн алслагдсан хороодын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, улаанбурхан, томуугийн дэгдэлтийн хүнд үед хичээнгүйлэн ажилласан эмнэлгийн нийт эмч, ажилтанд талархаж буйгаа илэрхийллээ.
Залуу чадварлаг эмч, ажилтнаар хүний нөөцөө бүрдүүлэн, маш сайн төлөвлөлттэй, менежменттэй, үр дүнтэй ажиллаж байгаа Б.Баярмаа даргатай Сэлбэ эмнэлгийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь шаардлагатай зарим оношилгооны тоног төхөөрөмжийг ирэх онд шийдвэрлэж өгөхөөр боллоо.


Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам


