#Коммент3 мин унших
С.Одонтуяа: Байгаль орчны салбарын эрх зүйн орчинг шинэчлэлээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2025 оны онцлох ажлуудаа танилцуулж байна. Тэрээр өнгөрсөн жил хамтарсан Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд чамлахааргүй олон ажлыг эхлүүлж чадсан билээ.
Байгаль орчны хууль эрх зүйн орчныг сайжруулах 12 хуулийн төслийг бэлдлээ.
2025 онд нийт 12 хуулийг шинэчлэн боловсруулах нэмэлт өөрчлөлт хийх ажлыг миний бие сайд байх хугацаандаа эхлүүлсэн. Зарим хуулиуд өргөн баригдаад хэлэлцэгдээд явж байна.Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлуулахаар ажиллаж байна. Хуулийн гол хэсэг манай улс мөнгө олж болох кредит карбоны зах зээлд хэрхэн гарах вэ гэдгийг шийдэх чухал хуультай болох юм. Мөн Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай,Байгалийн ургамлын тухай, Ойн тухай, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг байгаль орчны хууль эрх зүйн орчныг сайжруулах 12 хуулийн төслийг бэлдсэн юм. Үүнийг яаралтай хэлэлцэж 2026 онд батлах хэрэгтэй байна.
Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар дүгнэлтийг гаргаж, дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ
Эгийн голын УЦС-ын төсөл амжилттай үргэлжилж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсны хувьд энэ төслийн Байгаль орчин нөлөөллийн үнэлгээг хийж дуусгах үүргийг ЗГ-аас надад өгсөн. Энэ үйл ажиллагаа төлөвлөгөөний хувьд сар, сараараа үргэлжлээд явж буйд талархалтай байгаа. Байгаль орчны үнэлгээний хамтарсан баг ажилдаа ороод эхэлсэн. Судалгаанууд нэгтгэж байна.
Говийн бүсийг усжуулах төслийг эхлүүлээ.
Говийн бүсийн усжуулалт гэж маш олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй. Мэдээж их олон нөхцөл шалтгаанууд байсан. Бид энэ ажлыг эхлүүлэх зорилт тавьсан. Энэ жилийн төсөвт говийн бүсийг усжуулах төслийн ТЭЗҮ энэ ажлыг хариуцаж хийх төслийн нэгжийн зардлууд батлагдсан. Говийн бүсийн томоохон төслүүд усгүй бол явахгүй. Говийн бүсийн гишүүдтэйгээ хамтарч ажилласны үр дүнд эхний үр дүнгээ үзлээ.
Улаанбаатар хот болон 21 аймаг агаарын чанарыг хэмжих автомат станцтай боллоо
Энэ станцыг суурилуулснаар байгаль орчны бүх суурь үзүүлэлтүүд гарна. Дээрээс нь хүхэрлэг хий, азотын ислүүд, тоосонцор ямар байх вэ гэдгийг нарийн гаргадаг. Тоосонцортоо бүр нарийн тоосыг хүртэл хэмждэг. Хэмжихдээ 24 цаг 365 хоногоор бүх мэдээллээ хадгалж байдаг ийм чухал станцууд байгаа.
Цаг уурын салбарт шинэчлэл хийлээ
Цаг уурын салбарт шинэчлэл хийлээ:ЦУОШГ-т супер компьютертой боллоо. Энэ төхөөрөмж байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлт гамшгийн мэдээллийг өндөр нарийвчлалтай гаргадаг. Тухайлбал ус, бэлчээр, ургамлын ургац, гарц зэрэг маш олон төрлийн нарийн өндөр нарийвчлалтай гаргадаг юм. Иймээс манай улсын эдийн засаг, ХАА-н гамшгийн асуудлаас урьдчилан сэргийлэхэд одоо чухал хувь нэмэртэй ийм компьютер юм.
Хашаандаа 5 мод тарьцгаая аяныг дэлгэрүүлж өргөжүүллээ
Энэ бол экологийн маш чухал аян байсан. Мод тарьснаар агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлоос сэргийлнэ. Мөн шууд хөрсөнд борооны ус шингэдэг байсныг айлууд усаа тосож, модоо усалдаг болсноор жорлонгийн бохир урсахаас сэргийлсэн чухал төсөл юм. Ойн салбарт тэрбум модны аян өрнөснөөс хойш маш олон иргэд төрийн бус байгууллагууд жижиг ААН-үүд мод тарьдаг болсон.
ЕБС-ийн хичээлийн хуваарь программд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээлийг орууллаа
Ингэснээрээ 1-12 дугаар ангийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус гээд бүх асуудлаар Монгол Улс ямар бэрхшээлүүдтэй тулгарч байна? Энд хүний оролцоо, хүчин зүйл нь ямар байх юм. Хүүхдүүд юу хийж чадах вэ. Ялангуяа хог хаягдлыг хэрхэн бууруулах, ангилах энэ бүх зүйл дээр хүн бүхэн чадах бүхнээ хийх боломжийг олгохын тулд хүүхдүүдийг мэдлэг, мэдээллээр хангах нь чухал юм гэж үзэж энэ хөтөлбөрийг программд оруулсан юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

