#Коммент3 мин унших
Ж.Галбадрах: Зам биш сургууль барьдаг улстөрчид олон болоосой!

УИХ-ын Намрын чуулган өндөрлөж, завсарлагааны цаг хугацаанд гишүүд ажлаа тайлагнаж, иргэдээ мэдээлжүүлэх, төлөвлөгөөгөө танилцуулах уулзалтуудыг тойрогтоо ажилладаг.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж буй.
Энэ удаагийн боловсролын салбар дахь дуу хоолойгоо хүргэх эхлэлийг Булган нутагт тавьж, аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Булган аймагт сүүлийн 10 гаруй жил сургуулиуд, дотуур байрны барилга гэх мэт хөрөнгө оруулалт дутмаг байсныг багш нар онцолсон юм.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Боловсролын чанарыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд анхдагч хэрэгцээгээ хангах ёстой гэж үздэг. Иймээс шаардлагатай сургуулиудыг нөхөж барих, багшийн хомсдлыг арилгах бодит шийдлүүдийг санал болгож байна.
Цаашид эдгээр саналуудыг бодлогын түвшинд нягтлан, судалгаанд суурилсан дүгнэлт гарган, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллах болно.
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны дагуу шат шатандаа нэгдсэн ойлголттой байж, дуу хоолойгоо нэгтгэх нь чухал гэж үзэж байна.
Боловсролын салбарт нэн яаралтай хийх 10 гол ажил
1. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх:
ЕБС, цэцэрлэгийн хүчин чадлыг аймаг, сум, дүүргийн сургууль бүрээр гаргаж, 40-өөс дээш хүүхэдтэй 4860 бүлэгт 214020 сурагч сурч буй нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй юм. Үүнийг шийдэхийн тулд 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай.
2. Багшийн хомсдлыг арилгах:
2024-2025 онд 4200 багш дутагдалтай байв. Шинээр сургуулиуд байгуулснаар 14900 багш нэмж дутагдана. Багшийн хомсдлын учир шалтгаан, багш мэргэжлийг сонгохгүй байгаа, төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Иймд хөдөлмөрийн бирж дээр байгаа багш нарыг эргүүлэн татаж, мэргэжлээр нь ажиллуулах санхүүгийн хөшүүрэг гаргах нь зүйтэй.
3. Сургалтын цэгцтэй орчин бүрдүүлэх:
Нэгж сургуульд байх хүүхдийн дээд хязгаарыг 1800-аар тогтоож, сургалтын орчны норм, нормативыг мөрдүүлэх дүрэм, журмыг нарийвчлан гаргаж, багш нарын өрөө, номын сан, урлаг спортын заал, лабораторийг иж бүрэн тохижуулж, тохилог цомхон орчинг бүрдүүлэх шаардлагатай.
4. Сургуулийн менежментийг сайжруулах:
Сургуулийн бие даасан байдлыг хангах, өөрийн дотоод неец, боломжоор хөгждөг үр дүнтэй сургууль бий болгохын тулд СУМЫН, АЙМГИЙН, ХОТын төв, хотын ЗАХЫН сургуулийн менежментийн загвар гаргах, захирал, удирдах ажилтанг системтэй бэлтгэх
5. Багшийг ажлын байранд хөгжүүлэх:
Багшийг ажлын байран дээр хөгжүүлэх, ачааллыг бууруулахад багш платформ ашиглах, хүүхдийг асаадаг, итгэл өгдөг "ХҮНИЙ БАГШ" хөтөлбөр хэрэгжүүлэх, ментор ментий тогтолцоогоор багш нар хамтран багаар ажилладаг бүтэц бий болгох
6. Зүрх сэтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх:
Бүх шатны сургууль, цэцэрлэг бүр "Зүрх сэтгэлийн боловсрол" олгох, суралцагсдыг зөв хандлага төлөвшилтэй болгоход чиглэсэн цогц сургалтын хөтөлбөртэй болж, арга зүйд суралцаж, бодитоор
хэрэгжүүлнэ.
7. Төрөлжсөн ахлах сургууль, технологийн коллежийг бүсүүдэд байгуулах
Японы Косэн загвараар бүс болгонд шинээр технологийн коллеж байгуулж, Мега төслийг гардан гүйцэтгэх инженер техникийн ажилтан бэлтгэх, бие даасан мэргэжлийн төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангана.
8. Төрийн ИДС-г бодлогоор дэмжих:
Багш, эмч, инженер зэрэг эрэлттэй мэргэжилтэн бэлддэг ИДС-ийг төрөөс бодлогоор дэмжиж, бодит татаас өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, судалгааны их сургуулиуд үүсэх хөрс суурийг бэлдэх, тэр хэмжээгээр хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
9. Гэр бүлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх:
Нийгмийн анхдагч орчин болсон гэр бүлийн орчинг эрүүл зөв болгохын тулд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хүүхдийн хүмүүжилд гэр бул сургууль-нийгмийн түншлэлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
10. Хиймэл оюун, шинжлэх ухаан технологийн хөгжил:
Төрөөс шинжлэх ухаан технологийг дэмжих, үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого гаргах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх, их дээд сургууль, судалгааны байгууллагуудад академик эрх чөлөө олгох, хиймэл оюун өргөнөөр нэвтрүүлэх нь зүйтэй:

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

