Ярилцлага5 мин унших
Б.Мөнхсоёл: Үндсэн хууль иргэн бүрийн өдөр тутмын амьдралд ойлгомжтой, амьд байх нь чухал

Улсын Их Хурлын гишүүн Баатаржавын Мөнхсоёлтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өдөр тохиолоо. Хууль тогтоогч хүний хувьд Үндсэн хуулийг ямар өнцгөөр ойлгож, хардаг вэ. Ард түмэн Үндсэн хуулиа хэрхэн ойлгож, хүндэтгэх ёстой гэж үздэг вэ?
-Бидний хамтдаа бүтээсэн нийгмийн өдөр тутмын харилцаа Үндсэн хуулийнхаа дагуу буюу өөр хоорондоо байгуулсан "нийгмийн гэрээ"-ийхээ хүрээнд л өрнөж байгаа. Хэн ч бай Үндсэн хуулиас гадуур байх боломжгүй. Бүх нийтээрээ Үндсэн хуулиа цээжээр мэддэг байх албагүй ч ухамсрын түвшинд ойлгож, ухаарч байдаг гэдэгт итгэдэг. Үндсэн хуулийн өдрийн гол утга учир үүнд оршдог болов уу. Тэр дундаа 1992 онд Ардчилсан Үндсэн хууль бол нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүний эрхийг дээдэлж, төрийн эрхийг хязгаарласныг баталгаажуулсан баримт бичиг шүү дээ. Энэ өдрийн гол зорилго бол Үндсэн хуулийг илүү энгийншүүлж, хоногшуулах. Үндсэн хууль иргэн бүрийн өдөр тутмын амьдралд ойлгомжтой, амьд байх нь чухал шүү дээ.
-Таны хэлснээр Үндсэн хуулийг энгийншүүлэх нь хэний үүрэг вэ?
-Хүн бүрийн үүрэг. Гэхдээ хууль тогтоогчид, мэргэжлийн хүмүүс үүнд илүү хариуцлагатай хандаж, манлайлах чухал болов уу. Миний хувьд ардчилал, Үндсэн хуулийн гол зарчим болох ил тод байдал, шударга байх зарчмыг хууль тогтоох үйл ажиллагаандаа баримталж ажилладаг. Үүгээрээ тодорхой хэмжээнд үлгэрлэж, залуу үедээ үнэ цэнийг нь дамжуулахыг хичээж байна.
-Намрын чуулган завсарлалаа. Энэ чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ. Улс төрийн хувьд бас савлагаатай чуулган байлаа шүү дээ...?
-Намрын чуулган нийт гишүүдийн хувьд улс төрийн хөдөлгөөн ихтэй, нэлээд улстөржсөн уур амьсгалтай өрнөлөө. Ялангуяа албан тушаал, бүтэц, томилгоотой холбоотой асуудлууд давамгайлсан.
Сүүлд дэд сайд нарын асуудал яригдсан нь үүний тод жишээ. Миний хувьд зарим шийдвэр, тухайлбал МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг яагаад байгуулагдсан нь хүртэл тодорхой бус санагдсан. Ер нь энэ чуулган бодлогын гүнзгий хэлэлцүүлгээс илүү улс төрийн динамик давамгайлсан чуулган боллоо гэж дүгнэж байна.
-Та намрын чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд, ажлын хэсэгт орж ажилласан талаараа онцлоод товчхон дурдахгүй юу?
-Нэгдүгээрт, Тамхины тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхийг зохицуулах асуудлыг тусгах чиглэлээр ажилласан маань миний хувьд хамгийн чухал ажил байлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн энэ ажлын хэсэгт идэвхтэй оролцсон. Би архи, тамхины хортой эсэхийг шинжлэн судалдаг мэргэжилтэн биш. Гэхдээ архи, тамхи, мансууруулах бодис нийгэмд хортой, чөлөөтэй, зохицуулалтгүй байж болохгүй гэдэг байр суурьтай. Ялангуяа электрон тамхи утаа багатай, "хоргүй” мэт харагддагаас болж хүүхэд, залуус эрсдэлийг нь ойлголгүй хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирч байгаад их санаа зовдог. Тиймээс амт, үнэрийн зохицуулалт хийх, онцгой албан татвар ногдуулах, уламжлалт тамхитай адил түвшинд хяналт тавих ёстой гэж үзсэн.
-Энэхүү хуулийн хүрээнд тодорхой эсэргүүцэл, маргаан гарсан уу?
-Гарсан. Янжуур тамхи, электрон тамхины зах зээлийн өрсөлдөөн хууль дээр ажиллаж буй гишүүдэд нөлөөлөх оролдлого, янз бүрийн лобби явсныг нууцлахгүй. Сошиал орчинд ч гишүүдийг гүтгэх, дайрах явдал гарсан. Угтаа бид бүгд үр хүүхэдтэй. Зөвхөн өөрийн хүүхдэд бус, ирээдүйн нийгмийг авч явах бүх хүүхдийн төлөө бодлогоо зөв барих ёстой.
Их хэмжээний мөнгө эргэлддэг салбар учраас эсэргүүцэлтэй тулгарч байгаа боловч хууль тогтоогчид үүргээ ухамсарлах ёстой гэж боддог. Бусад ажлын хэсгүүдийн хувьд Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэгт нэлээд идэвхтэй оролцсон. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд хайгуулын лицензийн ил тод байдал, орон нутгийн өгөөжийг нэмэгдүүлэх, АМНАТ-ын зохицуулалт, хариуцлагатай уул уурхайг дэмжих асуудлууд дээр ажилласан. Гэвч УИХ-ын дарга солигдсонтой холбоотойгоор олон ажлын хэсэг татан буугдаж, шинээр байгуулагдсан. Өмнө нь явж байсан ажлууд дахин эхлэх, зарим нь тасалдах нөхцөл үүссэн нь харамсалтай.
-Та Хог хаягдлын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулийн онцлог юу вэ?
-Хог хаягдлын асуудал бол маш өргөн хүрээтэй, нийгмийн дадал, бизнесийн хариуцлага, орон нутгийн засаглалтай шууд холбоотой сэдэв. Үйлдвэрлэгч өөрөө үүсгэж буй хаягдлынхаа өртгийг хариуцах ёстой гэсэн "өртгийн сүлжээ"-ний зарчмыг хуульд тусгахыг зорьж байна. Импортлогч, үйлдвэрлэгч сав баглаа боодлынхоо хаягдлыг яаж цуглуулах, дахин боловсруулах, менежмент хийхээ өөрөө хариуцна. Мөн аюултай хог хаягдал, эрүүл мэнд, уул уурхай, барилгын салбарын хаягдлын зохицуулалт, орон нутгийн хог хаягдлын менежментийг ч цогцоор нь авч үзэж байна. 21 аймгаас мэдээлэл авч, олон яамдын оролцоотой хэлэлцүүлгүүд хийсэн. Төгс шийдэл амархан гарахгүй ч бодит дэвшил гаргах нь миний зорилго байна гэдгээ хэлье.
-Улс төрийн нам, эвслүүд Улсын дээд шүүхэд дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд өгч батлуулж байгаа. Хуулийн хугацаа нь угтаа дууссан гэж ойлгосон...?
-Улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор дүрмийн шинэчлэлтэй холбоотой хүсэлт, материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байх ёстой. Энэ нь тухайн өдөртөө бүртгэгдсэн байх ёстой гэсэн үг биш. Шаардлагатай бол нэмэлт материал нэхэх, засварлах үйл явц дараа нь үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаандаа амжаад дүрэм, хөтөлбөрөө өгөх ёстой болохоос биш бүртгүүлэх хуулийн хугацаа гэж үзэхгүй байна. Манай намын хувьд Улсын дээд шүүхэд дүрэм, хөтөлбөрөө хуулийн хугацаандаа өгчихсөн байгаа. Хараахан бүртгээгүй байх шиг байна лээ.
-Танай намаас нэг гишүүн гарсан асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Нөгөөтэйгүүр нам доторх зөрчил, маргаанаас уг асуудал болсон, үгүй юу?
-Тийм зөрчил, маргаан гарснаас үүдээд гарч орсон зүйл байхгүй гэж үзэж байгаа. Манай нам анхнаасаа хатуу гишүүнчлэлийг дэмждэггүй бодлого баримталж ирсэн. Гэхдээ Монголын сонгуулийн тогтолцоо олон гишүүнчлэлтэй том намуудад давуу байдал олгож байгаа нь бодит үнэн. Гишүүнчлэл, данхар бүтэц, санхүүжилтийн асуудлыг цаашид зайлшгүй эргэж харах ёстой. Харин тухайн гишүүний хувийн шийдвэрийг нам доторх зөрчилдөөнтэй холбох нь үндэслэлгүй гэж бодож байна.
-Сүүлийн үед гарч буй аймшигт гэмт хэргүүд, ялангуяа хүүхэдтэй холбоотой асуудалд эмэгтэй гишүүд дуугарахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнд юу хэлэх вэ?
-Мэдээлэл тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа үед улстөрчид сенсаац хөөж, мэдэхгүй зүйл дээрээ дуугарах нь буруу. Би хувьдаа үнэн бодит мэдээлэл авч, шалтгаан нөхцөлийг нь ойлгож байж байр суурь илэрхийлэх ёстой гэж үздэг. Өрөвдөх сэтгэл, бухимдал байна. Гэхдээ худал мэдээлэл түгээх, улс төрийн оноо авах байдлаар хандах нь хохирогчдод ч, нийгэмд ч тустай биш.
Э.МӨНХТҮВШИН


