Ярилцлага8 мин унших
Ж.Золжаргал: Ямар нэгэн осол, доголдол гармагц сэтгэл зүйн хөөрөл, дарамтаар шийдэл шахдаг жишиг манайд олон

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрчим хүчний асуудал хүндхэн байна. Тог тасарлаа, дагаад дулаан, ус тасарч байна. Нөгөөтэйгүүр дулааны цахилгаан станцууд дээр ойр ойрхон гэмтэл саатал гардаг нь хэний буруу вэ. Ер нь энэ асуудлыг та инженер хүнийхээ хувьд хэрхэн харж байна?
-Юуны өмнө эрчим хүчний үйлдвэрлэлд техникийн горим, хариуцлага хэр чухал вэ гэдэг асуултад хариулах ёстой. Эрчим хүчний салбар, ялангуяа цахилгаан станц бол маш нарийн төвөгтэй систем. Техникийн үйл ажиллагааг авч явахын тулд горим гэж бий. Энэ нь хувь хүний хариуцлага, үзлэг оношилгоогоо хийж байна уу, хаана эвдрэх гэж байна гэдгийг эрж хайхаас илүүтэйгээр эвдэрсэн эвдрээгүй, шинж тэмдэг илэрсэн илрээгүй хугацаанд нь үйлчилгээг нь хийгээд, хугацаанд нь солихыг хэлдэг. Жишээ нь, автомашиныхаа үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг тухай бүрд нь сольдоггүй, элэгдсэн, бүр илүү дугуйгүйгээр хөдөө, хол замд гардаг нь монголчуудын зан. Гэтэл 10 мянган километр яваад тосыг нь солих, тэдэн мянган км яваад тийм юмыг нь шинэчлэх гэсэн стандарт бий. Ялангуяа цахилгаан станц дээр ийм зүйл тохиолдвол 1.5 сая хүн амьдарч байгаа хотыг аюулд хүргэж болзошгүй. Тиймээс станцын хувьд зайлшгүй горимын дагуу явагдах ёстой. Горимын дагуу гэхээр мэдээж тоног төхөөрөмжөө хугацаанд нь солих ёстой, засвар үйлчилгээг байнга хийх шаардлагатай.
-Тэгэхээр станцуудын засвар үйлчилгээ, шинэчлэл, горимын дагуу явуулахад хөрөнгө шаардлагатай байх нь тодорхой. Гэхдээ энэ хангагдаж байна уу?
-Үгүй. Жишээ нь, ДЦС-4 гэхэд найман зуухтай. Энэ найман зуух бүгд ажиллаж байгаа. Тэнд хэдэн мянган хоолой, труба, ус халаагч төхөөрөмжүүд бий. Үүний аль нэг хоолой, трубад элэгдэл үүсээд цоорсон байгаа юм. Ингээд асуудал үүссэн. Үүнийг хугацаанд нь шинэчлэх ёстой. Гэтэл байгаа мөнгөндөө тааруулж, хэсэгчилж гагнаад олон жил аргалж ирсэн. Өөрөөр хэлбэл "монголчлоод". Угтаа шинэ зуух барих 90 сая ам.долларын төсөл бэлтгэгдсэн, ТЭЗҮ нь батлагдсан ч олон жил хийгдээгүй. Техникийн менежмент доголдсон. Энэ яагаад доголдчихов гэхээр техникийн ажлыг хариуцаж байгаа хүмүүс мэдэхгүй байна уу гэхээр үгүй. Асуудал нь мөнгө. Салбараас олсон орлого салбарт нь үлдэхгүй, бүгд Засгийн газарт төвлөрч, санхүүгийн хуваарилалт нь бусад зүйлд чиглэгддэг
Жишээ нь, өнгөрсөн жил цахилгааны үнийг бодит өртөгт ойртуулж, 500 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн ч 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг станцад зориулсангүй. Мөнгөнөөс нь бусад зардал, нийгмийн даатгалын өрөнд зарцуулсан. Өөрөөр хэлбэл, салбараас олсон орлогыг зориулалтаар нь эргээд салбарт нь шингээхгүйгээр өөр зүйлд ашиглаад байхгүй болгочихож байна гэсэн үг. Тэгэхээр мөнгө, сангийн менемжент дээр буруу ойлголт, буруу бодлого явагдаад байна. Эцсийн дүндээ энэ нь тухай бүрдээ хариуцан ажиллаж байсан Засгийн газрын буруутай шийдвэр л гэсэн үг.
-Сөрөг хүчнээс сайд нарыг огцруулах шаардлага тавьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Огцруулах нь богино хугацааны шийдэл, системийн доголдлыг засахгүй. Мөнгөний менежмент, хөгжлийн бодлого засагдаагүй бол дараа нь хэн ч гарч ирсэн адилхан нөхцөл байдал үүснэ. Тиймээс системээ, мөнгөний урсгалыг зөв болгох нь илүү чухал.
-Сэргээгдэх эрчим хүчний үнэлгээ, тарифын бодлого ямар байдалтай байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүч анх гарч ирэхдээ бидэнд шинэ технологи байлаа. Үүнийг олон улс ч дэмжих бодлого, хандлагатай болж ирсэн. Энэ утгаараа сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж гарган ирж нэлээн давуу байдлыг уг салбарт бий болгосон. Тиймээс өнөөг хүртэл хэд хэдэн станц баригдчихлаа. Гэтэл одоо сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч байгаа учраас хэт ялгавартай өндөр үнэ тавих шаардлагагүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж, тархмал олон эх үүсвэрийг дэмжиж болохоор байна. Үүнийг төсвөөс зөрүү нөхөх шаардлага байхгүй. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлд миний хувьд хоёр л зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, жижиг эх үүсвэрүүд буюу 1-3 айлын хэрэглээний нар салхины төхөөрөмжийг шууд суурилуулахад зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Энэ утгаараа УИХ-ын даргын захирамжаар тархмал эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Уг ажлын хэсэгт миний бие орсон. Ажлын хэсгээс гаргасан тогтоол, шийдвэрийн үр дүнд 20 кВат хэрэглээтэй нэг айл бага хэрэглээтэй гурван айлын хэмжээний эх үүсвэрийг өөрөө үйлдвэрлэхэд зөвшөөрөл авах хэрэггүй, шууд суулгана гэдэг зүйл гарч байгаа. Энэ олон ширхэгээр байгуулагдвал маш их хэрэгтэй.
Хоёрдугаарт, томоохон эх үүсвэрүүдэд бол сүлжээг эвдрэлгүй хадгалах зориулалттай хуримтлууртай байх ёстой. Хуримтлуур гэдэг бол батерей. Энэ батерейгаа тавиад сүлжээг савлуулахгүй хэмжээнд нар, салхины эх үүсвэр тавих юм бол тэрийг нь шууд зөвшөөрөөд явмаар байна. Үүний дагуу хэрэглэгч өөрөө судалгаа хийж, сүлжээнд саад учруулахгүйгээр үйлдвэрлэлээ явуулбал төрөөс урьдчилан зааж зөвшөөрөл өгөх шаардлагагүй. Европын орнуудад урьдчилан байрлал зарлаад, тендерээр шилдэг нөхцөлтэй компанид эрх олгодог. Ийм зохицуулалт манайд шаардлагагүй. Манайд бол хэрэглэгч өөрөө судалж, сүлжээнд саад учруулахгүйгээр хуримтлуураа суурилуулж, сэргээгдэх эх үүсвэрээ ашиглах боломжтой болсон. Хуримтлуур нь батерей, эсвэл ус байж болно. Би энэ хуулийн ажлын хэсэг дээр ажиллахдаа яг энэ асуудалд онцгой анхаарч ажиллана.
-Эгийн голын усан цахилгаан станцын талаар сүүлийн үеийн мэдээлэл байна уу?
-Сүүлийн үеийн нарийн мэдээлэл алга. Гэхдээ нааштай тал руугаа явж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулаад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нь судалж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Парламентын түвшинд ч анхаарал хандуулж байна. Монгол-Оросын парламентын бүлэг энэ асуудал дээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа.
-Харин Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил ямар шатандаа явж байна вэ?
- Эрдэнэбүрэнгийн УЦС бол ямар ч эргэлзээгүй, баригдах ёстой, зайлшгүй хэрэгтэй төсөл. Аль болох хурдан барих нь зөв.
- Тог тасарвал эмнэлгүүдийн аюулгүй байдал ямар түвшинд хангагдсан байдаг юм бол. Зарим нэг улсын эмнэлгүүдэд тог тасарсан мэдээлэл гарч байна?
-Тог тасрах үед эмнэлгүүдэд нөөц генератор, UPS, батерейн системүүд байх ёстой. Би тийм төхөөрөмжүүд байгаа гэж бодож байна. Стандарт, шаардлага нь бий. Харин түүнийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг шалгах нь төрийн байгууллагуудын үүрэг. Арай ч мэс засал хийж байхад тог унтардаг түвшинд хүрээгүй байгаасай гэж бодож байна.
-Ер нь эрчим хүчний салбарын цаашдын шинэчлэл ямар чиглэлд явах ёстой вэ?
-Эрчим хүчний реформ гэдэг нь зүгээр л үнэ нэмэх тухай ойлголт биш. Реформ гэдэг бол тоглогчдыг өөрчлөх, тогтолцоог нь өөрчлөх тухай юм. Одоо манайд хэдхэн том төрийн өмчит станц байна. Харин цаашдаа цахилгаан үйлдвэрлэх гэж байгаа хөрөнгө оруулагч, цахилгаан авах гэж байгаа хэрэглэгч хоёр шууд хоорондоо тохироод гэрээ байгуулдаг, тэгэхэд станцаа барих эрх нь автоматаар нээгддэг байх ёстой болмоор байна.
-Үнийн зохицуулалт энэ тохиолдолд яаж явах вэ?
-Үнийг төр тогтоохгүй. Хоёр тал хоорондоо тохирсон үнээрээ худалдаж, худалдан авна. Харин цахилгаан нь төрийн сүлжээгээр дамжиж ирэх учраас дамжуулах төлбөрийг төр авна. Ийм холимог тогтолцоог бий болговол өрсөлдөөн нэмэгдэнэ, шинэ бизнесүүд эрчим хүчний салбарт орж ирнэ. Одоогоор эрчим хүч авах хүсэлттэй захиалагчид одоогийн сүлжээний чадлаас хоёр дахин их байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүч хүрэлцэхгүйгээс болж асар их хэмжээний эдийн засаг, үйлдвэрлэл, барилга угсралтын боломж зогсоод байна. Ингэхээр хуучин станцуудын хувь заяа яах вэ гэж болгоомжилж магадгүй. Учир нь энэ салбар өрсөлдөөнд зах зээл рүүгээ орж байна шүү дээ. Болгоомжлоод байвал хуучин станцууд хуучнаараа л байг. Харин шинээр хоорондоо шууд тохиролцоод барих станцуудыг нээлттэй болгох хэрэгтэй. Ингэснээр станцуудын тоо нэмэгдэнэ.
-Шинэ эх үүсвэрүүд ихээр орж ирвэл зах зээлд ямар өөрчлөлт гарах вэ?
-Станцуудын тоо нэмэгдсээр байгаад зах зээл дээрх төрийн станцуудын эзлэх хувь дөрөвний нэг болтлоо бууна. Ингээд олон эх үүсвэр орж ирэхээр цахилгааны үнэ Засгийн газраас томилсон зохицуулагчид, Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог биш, харин зах зээлийн жинхэнэ зарчмаар бүрдэж эхэлнэ. Тэгэхээр үнэ аяндаа хямдарна. Харин одоогийн тогтолцоог хэвээр хадгалбал ямар эрсдэл бий болох вэ гэж. Хэрвээ бид холимог тогтолцоонд орохгүй, зөвхөн төрийн зөвшөөрлөөр, төрөөс тогтоосон үнээр цахилгаан нийлүүлээд байвал эрчим хүч улам л үнэтэй болно. Яагаад гэвэл том станц барих хөрөнгө оруулагчид нэг кВт.цагийг өндөр үнээр авах гэрээ хийхийг л хүснэ. Тэнд улс төрийн нөлөө ч орж ирнэ. Ингээд үр дүнд нь хэрэглэгч илүү үнэтэй цахилгаан авна. Нөгөөтэйгүүр төрийн нэр барьж үнэтэй станц шахах, зах зээлийн эрэлтээ гүйцээж чадахгүй байх эрсдэл байнга үүснэ. Ийм нөхцөлд эрчим хүчний хомсдол арилахгүй, харин ч улам гүнзгийрнэ.
-Ер нь станцууд доголдож, тасалдал гарч байгаа нь "яаралтай шинэ станц барих хэрэгтэй” гэсэн хандлагыг улам хүчтэй болгож байна. Үүн дээр та юуг онцолж анхааруулах вэ?
-Яаралтай байна гээд буруу зам руу орох ёсгүй. Одоо “шинэ хувийн станцуудын цахилгааныг өндөр үнээр авъя, Засгийн газраас төсвийн баталгаа өгье” гэдэг шийдэл рүү хөөрч болохгүй. Тэгж явбал эхлээд өндөр үнэтэй цахилгаан авна, дараа нь төлж чадахгүй болохоор станцыг нь хоёр дахин үнээр төсвөөс худалдаж авах байдал руу орно. Эцэст нь нийт монголчууд л өрөнд орно. Нөгөөтэйгүүр сэргээгдэх эрчим хүчийг яаралтай нэмэгдүүлэх нэрээр ч бас ийм эрсдэл үүсч болно. "Станцууд найдваргүй болчихлоо" гээд сэргээгдэхийг олшруулах нэрээр зээлийн баталгаа өгнө, тарифыг нь хэт өндөр тогтооно гэдэг рүү бас далийж болохгүй. Ямар нэгэн осол, доголдол гармагц сэтгэл зүйн хөөрөл, дарамтаар өөр шийдэл шахдаг ийм жишиг манайд олон. Үүнийг бол парламент өөрөөсөө эхлээд маш соргогоор ажиглаж, явуулахгүй байх ёстой.
-Тэгэхээр таны харж байгаа зөв гарц нь юу вэ?
-Аль нэгийг нь үгүйсгэх биш. Сэргээгдэх ч ажиллана, нүүрс ч ажиллана. Гол нь олон төрлийн эх үүсвэр зэрэгцэн ажиллаж, хоорондоо өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өрсөлдөөнтэй байж гэмээнэ үнэ бодитоор тогтдог. Энэ бол эрчим хүчний салбарын жинхэнэ шинэчлэл. Энэ шинэчлэл эрх зүйн орчноос эхлэх ёстой. Зах зээлийн өрсөлдөөнт моделио оруулахгүйгээр, зүгээр үнэ нэмэх, эсвэл төрөөс баталгаа өгөх замаар асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас эрчим хүчний салбарын шинэчлэл, эрх зүйн орчны өөрчлөлтийн төлөө ажиллаж байгаа гишүүд үүн дээр ерөнхийдөө санал нийлж, хамтарч явна гэж бодож байна.
Э.МӨНХТҮВШИН

