#Коммент2 мин унших
С.Одонтуяа: Гэр бүлийн хэрэг маргааныг дагнасан шүүхээр хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай АНХДАГЧ хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийн ДЭД ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа юм.
Тэрээр, Монгол Улсад анх удаа гэр бүлийн хэрэг маргааныг бие даасан, дагнасан шүүхээр хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
Гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн асуудал бус, хүүхэд, гэр бүлийн ирээдүйг хамгаалах нийгмийн чухал бодлого гэж үзэх эрх зүйн шинэ шат болно.
Тус хууль батлагдсанаар:
- Монгол Улсад гэр бүл, хүүхдийн хэрэг дагнасан шүүхийн тогтолцоо бүрдэнэ;
- Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах бодит механизм бий болно;
- Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн тогтолцоо нэвтэрнэ;
Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх боломж бодитоор нэмэгдэнэ;
- Шүүхийн ачаалал, давтагдсан маргаан, нийгмийн зардал буурах нөхцөл бүрдэнэ;
- Олон улсын хүний эрхийн стандарттай нийцсэн шүүхийн тогтолцоо хөгжих суурь тавигдана.
Гэр бүлийн хэрэг маргааныг дагнасан шүүхээр хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.
Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж.
Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг нар дэд ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Тулга, С.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Та энд дарж, хуулийн төслийг уншаад, саналаа өгөөрэй.

Сэтгүүлч Ц.Соёлмаа



