Үйл явдал3 мин унших
Үдийн хоолны тэрхүү төсөл хэрэгжиж эхлэхэд хүүхдүүд хоолоо “кармаалах” явдал багагүй гарчээ
Яг ижил түвшний амьжиргаа, амьдралын нөхцөлд оршдог гэр хороолол дахь хоёр сургуулийн нэг болох 57 дугаар дунд сургуулийг сонгон Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Нөгөө нь “үдийн цай”-гаа уусан хэвээрээ.
Ингээд гурван жил болоход л сурагчдын сурлага, идэвхт ялгаа гараад зогсохгүй хүүхдүүдийн зүс царай, өсөлтөд ч өөрчлөлт орж өндрийн ялгаа 10 см-т хүрсэн байдаг. Үдийн хоолны тэрхүү төсөл хэрэгжиж эхлэхэд хүүхдүүд хоолоо “кармаалах” явдал багагүй гарчээ. Шалтгааныг нь асуутал “гэртээ хариад дүүдээ өгнө” гэсэн хариулт ирсэн.
Ер нь олон оронд сургуулийн хоолны хөтөлбөр эдийн засаг, айл өрхийн ачааллыг хөнгөвчилдөг онцлог талтай. Финландад эдийн засгийн талаас нь судалж, “хүний эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөжийг 2,5-7 дахин нэмэгдүүлдэг, мөн нэг хүүхэдтэй өрхийн нэг сарын хүнсний зардал 129-189 ам.доллароор хэмнэгддэг” гэж дүгнэсэн байдаг.
57 дугаар сургуулийн хоол “кармаалдаг” хүүхдүүд яасан бол гэж үү? Сургуулийн зүгээс дүү нарт нь зориулж илүү боов, боорцог хийдэг болж, харин ах нар нь санаа амар үдийн хоолоо бүтэн иддэг болцгоосон. Тийм ч болоод төслийн дараах үр дүн тийм ялгаатай, өндөр үзүүлэлттэй гарсан хэрэг.
МАНАЙ ХҮҮХЭД ИДНЭ ШҮҮ ДЭЭ!
“Хүүхдийнхээ хоолны мөнгийг өгч чадах, үгүйгээр нь хоёр ангилбал арай хямд тусах биш үү?” гэсэн асуулт их ирдэг. Хэрэв ингэвэл сургууль дээр үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхлыг өрдөн асаах болно. Гарах хохирол нь бүр ч их.
Нөгөө талаар, ийнхүү ялгаж тогтоохын тулд хийх судалгааны ажил, жил бүрийн шинэчлэлийн зардал нь өөрөө хоолныхоосоо бага байхгүй л болов уу. Ингэхийн оронд шуудхан л бүх хүүхдийг 100% хамруулах нь хамгийн сайн шийдэл болж байгаа юм.
Манай хоёр хөршөөс эхлээд Бразил, Франц, АНУ-ын зарим муж гээд олон улс оронд ийм л арга хэрэглэж байгаа. Тэгээд ч бид ердөө 800 мянга гаруй л сурагчтай. Бүтэн судалгаа, туршлагатай ДЭМБ, Дэлхийн банк зэрэг байгууллагууд ч үүнийг зөвлөдөг.
“Сургуулийн үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд наад зах нь тухайн орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, ногоочид, малчид орлого олж эхэлнэ. Хаа холоос л хүүхдийн хоолыг зөөгөөд байхгүй нь тодорхой.
Манай орон нутагт “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд нутгийн тариаланчид ногоонуудаа илүү арчлан ургуулж сургуульд нийлүүлж эхэлсэн байна. “Манай хүүхдүүд л иднэ шүү дээ” гэж тэд хэлсэн байдаг. Гадаадын улс орнуудад ч яг ийм үзэгдэл болдгийг олон улсын судалгаа харуулдаг.
Үдийн хоол хөтөлбөр орон нутгийн ЖДҮ-чийн ажлыг дэмжих, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр жижиг дунд бизнес шинээр үүсэх зэрэг давхар сайн талуудыг авчрах нь дамжиггүй ажээ.
ХҮҮХЭД БҮРД “БҮТЭН ХООЛ”.
Манай улсад өөртөө гал тогоогүй сургууль зөндөө. Нийслэл хотод бүр ч их. “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжихэд гал тогоотой хэд нь тэрийгээ хувийн хэвшилд түрээслүүлэн ажиллуулж, гал тогоогүй нь хоолоо гаднаас зохицуулж эхэлсэн.
Нэг хүүхдэд оногдох хоолны өртөг 1,500 төгрөг. Гэтэл түрээс, гаднын үйлчилгээ зэрэгт энэ өртгийн тал нь явчихдаг. Тэгсэн хэр нь жишээ нь өөрийн гал тогоотой байж заавал “түрээслүүлэх” сонирхолтой байдаг нэг гаж үзэгдэл тогтсон байлаа. Юу болж байсан нь ойлгомжтой тул ингээд орхилоо.
Сургууль бүр өөрийн гал тогоотой болох нь эхэндээ зардал мөнгө гарах ч гэсэн дара нь эхний зардлаасаа хэд дахин давсан хэмнэлт, бүтээмж бий болгох нь тодорхой юм.
Тухайлбал хөдөө орон нутагт хүүхдүүд 1,500 төгрөгөө бараг “бүтнээр нь идэж” байгаа. Учир нь хөдөөгийн ихэнх сургууль дотуур байртай, өөрийн гал тогоотой. Юу хийх хэрэгтэйг тодоор харуулдаг илэрхий ялгаа энэ мөн.
Сэтгүүлч Б.Одончимэг


