Үйл явдал2 мин унших
АЛТАЙ СУМАНД САР ШИНИЙН БЭЛЭГТ ӨДӨР ЗОН ОЛОНТОЙГОО УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын шинийн нэгний бэлэгт сайн өдөр Алтай сумынхаа зон олон, сонгогчидтойгоо уулзаж, золголт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нар оролцож, нутгийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, улс орны хөгжлийн бодлого, цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцлаа.
Шинийн нэгний энэ өдөр баяр хөөр хуваалцахаас гадна хаваржилтын хүндрэлийг хохирол багатай давахад чиглэсэн төр засгийн бодит дэмжлэгүүдийг хүлээлгэн өглөө:
• Засгийн газраас: Малчин өрх бүрд дэмжлэг болох 45 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй олгож эхэллээ.
• УОК-оос: Сумын шуурхай албаны бэлэн байдлыг хангах, алслагдсан багуудад тусламж хүргэх 7.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэлээ.
Уулзалтын үеэр ирэх оны төсвийн онцлог болон иргэдийн амьжиргааг дэмжих бодлогуудыг танилцууллаа:
• Багш, эмч нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж, ахмадуудын тэтгэвэр, халамжийг өсгөх замаар иргэдийнхээ нийгмийн баталгааг хангахад онцгойлон анхаарч байна.
• Малчдын үйлдвэрлэсэн түүхий эдийг гадаад зах зээлд татваргүй экспортлох эрх зүйн орчин бүрдэж байгаа нь Алтай сумын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон гарц болохыг онцлоо.
"Рысжан" ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжилд зориулан хэрэгжүүлж буй 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд Алтай суманд ч үр өгөөжөө өгөх болно.
Сар шинийн гоёлоороо гоёсон Алтайчууд маань төрийн түшээдтэйгээ халуун дотноор золгож, нутаг орныхоо хөгжилд хэрэгтэй санал санаачилгуудыг дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.
Угтан ирж буй жилд Алтай сумын иргэн бүрийн үйлс өөдөө, мал сүрэг нь тарга тэвээрэгтэй, айл гэр бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай!
Сэтгүүлч Ц.Соёлмаа

