Үйл явдал2 мин унших
БУЛГАН СУМЫН БУЛГАН БАГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ "УЛСЫН АВАРГА МАЛЧИН"

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр Алтайн сүрлэг уулсын дунд, Булган голын хөвөөнд нэгэн түүхэн үйл явдал тохиож, малч ухааны залгамж халааг төрийн алтан соёмбот шагнал мялаалаа.
Булган сумын 88 жилийн түүхэнд шинэ хуудас нээгдэж, тус сумын Булган багаас анх удаа "Улсын аварга малчин өрх" төрөн гарсан нь Хабийн Тилеубек, Солтаны Шолпан нарын гэр бүл байлаа. Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь зөвхөн нэг гэр бүлийн амжилт бус, үе дамжсан уйгагүй хөдөлмөрийн бодит үнэлэмж юм. Х.Тилеубекийн эцэг Хулын Хаби гуайн тавьсан бат бөх суурь ийнхүү хүүгийнх нь гараар дамжин улсын хэмжээний өндөр амжилтад хүрчээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, нэрт зүтгэлтэн Сономын Лувсан гуай биеэрээ Х.Хабийн хотонд зочилж байсан нь энэ айлын мал маллах арга туршлага улс орны хэмжээнд жишиг болж байсны гэрч юм. Эцэг Х.Хабийн 16 наснаасаа Булган сумын "Салтанат" нэгдэлд мал маллаж, аймгийн 6 удаагийн аварга, Ардын Их Хурлын Депутат (АИХД) явсан тэрээр Улсын аварга малчин цолонд 3 удаа тодорхойлогдож байсан нэртэй малчин байжээ. Аавынхаа малч ухааныг нэр төртэй өвлөн авсан хүү Х.Тилеубек, бэр С.Шолпан нар ийнхүү Булган сумаас төрөн гарсан 7 дахь Улсын аварга, харин Булган багаас төрсөн анхны Улсын аварга малчин өрх болж, түүхэн амжилтын эзэд болж байна.
Шагналыг УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, УИХ-ын гишүүн Б.Бейсен болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч, төрийн хүндэтгэлийг үзүүллээ.
"Алтайн сүрлэг уулс шигээ түшигтэй, Булган голын урсгал шиг тасралтгүй үргэлжлэх Хабийн удмын малч ухаан үеийн үед мандан бадарч, мал сүрэг нь түм мянгаар өсөх болтугай!"
Сэтгүүлч Ц.Соёлмаа

