Үйл явдал3 мин унших
Сургуульд суурилсан эрт илрүүлэг
Эхлээд би өөрийнхөө нүдний түүхийг товчхоон хуваалцая. Хүүхдүүдийг бага ангиас нь эрт илрүүлэгт хамруулах ямар их хэрэгтэйг дээр дооргүй ойлгохгүй явж ирсэн. Дөчөөд хүүхэдтэй нэг ангийн 20 хүүхэд нь харааны бэрхшээлээс болж хичээлээс хоцрогдсон судалгаа байдаг.
Энэ судалгаа миний сурагч байсан үеийг шууд санагдуулсан. Би багадаа нүдний хараа муудаж 5 дугаар ангиасаа харааны шил зүүсэн юм. Хичээлдээ муудаж, дунд авдаг ч болсон. Ер нь манай сургуулийн хараа муутай хүүхдүүд багадаа оношлуулж, эрт үедээ арга хэмжээ аваагүй учраас хичээлдээ хоцрогдож байжээ.
Цаг үе нь өөр ч зовлон нь ижил байна. Нүд, шүд хоёр бол эрүүл амьдралын үндэс. Нийгмийн баталгаа, ажлын үнэлэмжээс шалтгаалж ихэвчлэн тэтгэврийн насны эсвэл бага эмч л цэцэрлэг, сургуульд ажилладаг нь нууц биш юм. Гэхдээ зөвхөн цалин хөлсийг нь нэмээд л болчих ажил ч бас биш. Тогтолцоогоор нь авч үзэх ёстой.
Бүх насны хүмүүс цогц шинжилгээнд хамрагдаж, ямар үр дүн гарснаасаа шалтгаалж нэг бол гэртээ харьж, эсвэл дараагийн шатлалын эмнэлгүүдээ зорино. Олон ч хүн айхтар хүнд өвчний эхлэл, үүслээ эрт үед нь мэдэж авдаг болсон сайн ажил.
Харин цэцэрлэг, сургуулийн хүүхэд багачууд үүнд хэрхэн хамрагдаж байгаа талаарх мэдээлэл нэг л ундуй сундуй. Хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилж байгаа, хүүхэд бүр хамрагдаж байгаа эсэх талаар салбар хоорондоо мэдээлэл солилцдоггүй.
Манай салбарын эмч нарт бүр хамааралгүй яваад байгаа аж.
Иймээс эрт илрүүлгийг цэцэрлэг, сургуульд нь тулгуурлан зохион байгуулах санаачилга гаргаж, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцож, тухайн үеийн Эрүүл мэндийн сайдтай ч нэг бус удаа нүүр тулан уулзсан.
Хожмын Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд санаачилга, оролцоо, дэмжлэгээрээ хамгийн их тусалсан билээ. Эрт илрүүлэгт зарцуулж буй төсөв, эрүүл мэндийн даатгал, хувьсах зардлын бүрэлдэхүүнд багтаах зэргээр зөв зохион байгуулж чадвал шийдэл, гарц байна гэж үзсэн.
Тэгээд Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөр, мөн салбар дахь эмчийн ажлын байрны тодорхойлолтыг уялдуулаад өгнө.
Ингээд 2023 оны 7 дугаар сарын 7-нд Боловсролын багц хуулиудаа УИХ-аар эцэслэн батлуулахдаа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д “Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалт, бүртгэлийн нэгдсэн системийг бий болгож, суралцагчдыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой насны давтамжтай эрүүл мэндийн үзлэгт хамруулах” заалтыг тусгаж, хуульчилсан билээ.
Өдгөө зургаан настай хүүхэд сургууль дээрээ зүрх, нүд, шүдний үзлэгт орж байна. Үзлэгийн үр дүнг сонирхвол, 6-н настнуудын маань 20% нь зүрхний, 95% нь шүдний, 22% нь харааны нарийн мэргэжлийн эмчийг зорих шаардлагатай байгаа аж.
Энэ ажлын хэрэгцээ шаардлагыг үүнээс өөрөөр яаж нотлох билээ.
Цаашдаа 9, 12, 15 насанд нь амьсгалын замын, хоол боловсруулах эрхтний гэх мэтээр сургуульд суурилсан эрүүл мэндийн хяналт, тандалтыг хийж, бүртгэлийн нэгдсэн системтэй болох юм.
Энэ асуудлыг судалж, хэлэлцэж байх үедээ Орбис олон улсын байгууллагын төлөөлөл Брюс Мүүр, Японы сургуулийн шүдний эмч нарын холбооныхныг эх орондоо урьж уулзан, санал солилцож байлаа. Тэдний урьд өмнө нь сургуулиуд дээр хийсэн туршилт, үзлэгийн үр дүн бидний санаачилгыг баталгаажуулж байв.
Эрт илрүүлгийн ажил үнэхээр хэрэгтэй, сайн юм гэж нотлох ямар ч шаардлагагүй биз.
Том том дүгнэлтийн ч хэрэг алга. Ирээдүйн үр сад, ирж буй цаг үед Монголыг авч явах иргэд эрүүл саруул өсөж бойжихоос илүү амин чухал зүйл гэж хаана байх вэ.


