#Коммент2 мин унших
М.Нарантуяа-Нара:Иргэд сонгож гаргаж чадсан УИХ-ын гишүүнээ эргүүлэн буулгаж чадах эрхтэй байх ёстой!

Энэ үгийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара /2025.06,03/-ны өдөр илэрхийлж байлаа. Түүний хувьд дээрх өдөр хаврын чуулганаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барина гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Түүний хувьд амлалтаа хэрэгжүүлж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын саналыг авахаар хүргүүлсэн. Мөн энэхүү хуулийн төсөл дээр иргэдээс санал авахаар D.Parliament-д байршуулсан юм.
Энэхүү хуулийн төсөл дараах агуулгатай:
1. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ дахин авч хэлэлцэхгүй байх
2. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг УИХ дахин авч хэлэлцэхгүй байх
3. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаар тангараг өргөх / УИХ-ын гишүүн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж тангаргаасаа няцах -> иргэд Үндсэн хуулийн цэцэд хандах -> ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах/
Дээрх хуулийн төсөл батлагдсанаар ҮХЦ болон шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим бодит байдалд хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн УИХ-ын гишүүн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд иргэдээс УИХ-ын гишүүнийг Үндсэн хуульд заасан “… өргөсөн тангаргаасаа няцаж …” гэх үндэслэлээр ҮХЦ-д хандан ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчин бий болно.
Дагаж мөрдөх хугацааны хувьд:
Хуулийн төсөлд гишүүний өргөх тангарагийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар тусгасантай холбогдуулан одоогийн УИХ-ын гишүүд тангаргаа нэгэнт өргөсөн байгаа тул 2028 оноос дагаж мөрдөхөөр оруулсан.
Гэхдээ хэлэлцүүлгийн явцад Засгийн газар, олон нийт, мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт зэргийг харгалзан сайжруулах боломжтой.
ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх байх атал УИХ дахин авч шийдвэрлэх агуулгатай зохицуулалт 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн буюу УИХ 2006 оноос хойш Үндсэн хууль зөрчиж, ҮХЦ-ийн эрх хэмжээнд халдсаар ирсэн байна.
Иймд М.Нарантуяа-Нара гишүүний хувьд үүнийг засаж сайжруулах, Үндсэн хуульд заасан суурь зарчим биелэгдэх, парламентын гишүүдэд иргэдээс хяналт тавьж, хариуцлага хүлээлгэх хүрээ хязгаарыг нэмэгдүүлж, улс төрийн эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх, зохицуулалтын орчныг сайжруулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулснаа илэрхийллээ. Түүнчлэн энэ хуулийг хэн санаачлан өргөн барих нь чухал бус, гагцхүү хууль хүний өөрийн, ил далдгүй буруутай үйлдэл бүрт адил тэгш хэрэгждэг байх нь чухал гэдгийг онцоллоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
