Үйл явдал2 мин унших
Итали Улс Монголд туслах технологийн төв байгуулах санаачилгыг дэмжинэ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Итали улсын Bologna хотод байрлах Assistive Tech Center “Туслах технологийн төвөөр” зочилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ, шийдлүүдтэй танилцлаа.
Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрал, хөдөлмөр, боловсролд идэвхтэй оролцоход нь дэмжих туслах хэрэгсэл, технологийг зөвхөн худалдах биш, харин туршиж үзэх, хэрэглэж үзэх боломжтой байдлаар үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.
Төвийн онцлох үйлчилгээнүүдийг нэрлэж сонирхуулахад:
Loan system (түр хугацаанд зээлдүүлэх үйлчилгээ)
Хэрэглэгч туслах хэрэгсэл, төхөөрөмжийг тодорхой хугацаанд авч ашиглаад өөрт тохирох эсэхийг туршиж үзэн буцаан өгөх боломжтой.
Reuse system (дахин ашиглах тогтолцоо)
Хэрэглэгч өөрт хэрэггүй болсон туслах хэрэгслээ төвд үлдээж, дараагийн хэрэгцээтэй хүнд ашиглуулах боломж бүрддэг.
Assessment service (мэргэжлийн үнэлгээний үйлчилгээ)
Мэргэжилтнүүд хэрэглэгчийн хэрэгцээ, нөхцөл байдалд тохирсон туслах технологийг сонгоход зөвлөгөө өгч, үнэлгээ хийдэг байна.
Ийм төвүүд ихэвчлэн эмнэлэг, сэргээн засах үйлчилгээний байгууллагын ойролцоо байрладаг бөгөөд иргэдэд туслах технологийг илүү хүртээмжтэй хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Харин Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэж байсан туслах хэрэгсэл хэрэгцээгүй болсон үед хаягдах тохиолдол цөөнгүй байдаг.
Хэрэв манай улсад Туслах технологийн төв байгуулж, хэрэгслийг зээлдүүлэх, дахин ашиглуулах тогтолцоог бий болгож чадвал олон хүнд хүрч, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.
?? ?? Уулзалтын үеэр Италийн Assistive Tech Center-ийн зүгээс Монгол Улсад ийм төрлийн төв байгуулах санаачилгыг дэмжиж, туршлагаа хуваалцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэ нь Монгол Улсад туслах технологийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болох юм.
