Онцлох мэдээ2 мин унших

О.Номинчимэг: Хойч ирээдүй хордож байхад хойрго хандаж болохгүй!

О.Номинчимэг: Хойч ирээдүй хордож байхад хойрго хандаж болохгүй!

О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүний санаачилгаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн боловч хэлэлцэх, батлагдах явц удааширч, хэзээ үргэлжлүүлэн авч хэлэлцүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Иймд УИХ-ын хаврын чуулган нээсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг хууль санаачлагч ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар хэвлэлийн хурал хийсэн юм.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч О.Номинчимэг: 

Тэрбээр, Хяналтгүй, хуулийн зохицуулалтгүйгээр  ингэж хугацаа алдах бүрт хэчнээн хүүхэд донтолтод өртөж, хэдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, хэчнээн эцэг, эхийн нулимс асгарч, хэчнээн өсвөр насны хүүхдүүд дам болон дам бусаар хохирч байгаад тоомжиргүй хандаж болохгүй ээ. Энэ асуудал зөвхөн эмэгтэй гишүүдийн, үр хүүхдээ буруу зуршилд автах вий гэсэн ээжүүдэд хамаатай сэдэв биш. Энэ бол туурга тусгаар улсын аюулгүй байдал,тусгаар тогтнолын багана  болох  эрүүл монгол хүнийхээ төлөөх урьдчилан сэргийлэлт юм. Та бүхэндээ хэд хэдэн сэтгэл эмзэглүүлсэн бодит жишээг дуулгахаас аргагүй байна.

Электрон тамхи нь зөвхөн никотины хэрэглээ биш болж, мансууруулах бодис дамжуулах шинэ хэрэгсэл болж хувирчээ. Манай улсад ч энэ төрлийн 20 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь ноцтой дохио юм.  Энэ нь зөвхөн илрүүлсэн тохиолдлын тоо.  Цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй байгааг мэдэгдэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь хүүхэд, залуучуудын анхаарлыг татахуйц сав, баглаа боодолтойгоор худалдаалагдаж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс янжуур тамхины хамгийн бага үнэтэй орнуудын нэг болж, тамхины зах зээлийн “диваажин” болон хувирсан энэ үед жил бүр 4,300 орчим хүн, өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 12 иргэн тамхитай холбоотой шалтгаанаар амь насаа алдаж байна.

УИХ-ын чуулганы засварлагаанаар хөдөө орон нутаг  болон Улаанбаатар хотод иргэдтэй уулзалт хийж санаа бодлыг нь сонслоо. Ховд аймгийн 5000 орчим хүүхэд гарын үсэг зурж  электрон тамхийг хүүхдэд борлуулахыг  хориглож өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байсан. Тэр хүүхдүүдийн төлөөлөлтэй Ховд аймагт ажиллахдаа уулзаж ярилцлаа. Өнгө үзэмж муутай эсвэл гоёмсог үнэтэй электрон тамхи татдаг, татдаггүй гэдгээр ялгаварладаг, вэйп татдаггүй хүүхдүүдийг найзуудынхаа хүрээллээс хасдаг гээд олон ноцтой асуудлыг ярьж ялгаварлан гадуурхалтын нэг хэрэгсэл болж байгааг дуулгалаа.

Иймд хүүхэд, залуусынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ЯАРАЛТАЙ хэлэлцэн батлахыг уриалж байна. Өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг сурвалжилсан нийт сэтгүүлч, зураглаачдадаа баярлалаа. Та бүхэн энэ асуудлыг олон нийтэд хүргэж, бодлогын шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Электрон тамхиХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025