Онцлох мэдээ3 мин унших
О.Номинчимэг: “Чи боль” гэж томчууд хэлэхээс илүүтэй үе тэнгийнхэн хоорондын нөлөөлөл үр дүнтэй байлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Монгол Улсын хувьд жилд 4,300 орчим буюу нийт нас баралтын 25 хувь нь тамхинаас үүдэлтэй нас баралт эзэлж байна. Тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө тамхинд орсон байдаг судалгаа ч бий. Тиймээс хүүхдүүдээ бүх төрлийн тамхидалтаас хамгаалах нь МАШ ЧУХАЛ.
Хуулийн танилцуулгын шатанд ЕБС-уудын сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад холбогдох мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгч, сургууль орчмын тамхидалтын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар санал солилцож, хуулийн төслийн талаар мэдээлэл өгөх хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч өсвөр үеийнхэн, сурагчид өөрсдийн санаачилгаар сургууль дотроо ойлголт, хандлагаа эрс өөрчлөх замаар электрон тамхинаас татгалзах нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлсэн нь хууль танилцуулах, хэлэлцүүлэх шатанд дэвшил авчирч, хууль батлагдах явцад маш том түлхэц, дэмжлэг болсон юм.

Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Сурагчдын зөвлөлийн тэргүүн М.Маралмаа үе тэнгийнхэндээ манлайлал үзүүлж, сургууль дээрээ Токсик тренд" аяныг амжилттай удирдан, зохион байгуулжээ.
“Бид аянд сургуулиараа нэгдэж байгаа. Электрон тамхинаас сайн дураараа татгалзсан хүүхдүүд нь бидний байршуулсан электрон тамхинуудаа хийдэг гэж ойлгож болно. Аянд манай сургуулийнхан маш идэвхтэй оролцож байна гэж харж байгаа. Аяны эерэг тал нь хүн бүр веп тамхины хор хөнөөлийн талаар тодорхой хэмжээнд ойлголттой болсон гэж ойлгож байгаа. Би хувьдаа хүүхдүүд нэгнийгээ электрон тамхи татаж чадахгүй байгаагаас болж гадуурхах явдал багассан гэж ойлгосон. Би сургуулийнхаа хэмжээнд судалгаа хийсэн. Нийт сурагчдын 40% нь электрон тамхийг сонирхож байсан бол аяны нөлөөгөөр 25% нь сонирхохоо больсон байх гэж харсан. Тэгэхээр нөлөөллийн аян үр дүнтэй боллоо гэж дүгнэж байгаа” гэв.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Токсик тренд" аян хаагдаж буйг тохиолдуулан сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Чи боль” гэж томчууд хэлэхээс илүүтэй үе тэнгийнхэн хоорондын ойлголцол, нөлөөлөл үр дүнтэй байдаг гэх судалгаа бий. Одоогоор тус аянд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдаж байна.

Зөвхөн нийслэл төдийгүй орон нутагт ч электрон тамхины хэрэглээ өндөр түвшинд хүрсэн. Тухайлбал, зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан. Өнөөдөр энэ асуудал хэт газар авч, бараг өдөр тутмын хэрэглээ мэт болсон. Хот, хөдөөгийн ялгаагүй Монгол Улсад хүүхэд, залуусын дундах тамхины хэрэглээ ноцтой хэмжээнд хүрээд байна.
Тиймээс ЕБС-ийн сурагчдын дунд тус аяныг эхлүүлж хортой бүтээгдэхүүний хор хөнөөл ямар болохыг таниулж, улмаар үүнээс татгалзах байдлаар үр дүнг гаргах нөлөөллийн ажил боллоо. Хүүхдүүд маань электрон тамхинаас гарах Амлалтад гарын үсэг зурж, тусгайлан бэлтгэсэн саван хийж хаяж байна.
Цаашид илүү том цар хүрээгээр хүүхдүүдийнхээ дунд соён гэгээрлийн аянуудыг хууль батлагдахыг хүлээхгүйгээр хийх ёстой гэж харж байгаа. Хуулийн процесс удаашралтай, гацаж байгаа нь үнэн. Хурдан батлагдаасай гэж хууль санаачлагчийн хувьд итгэж найдаж байгаа. Ажлын хэсгийн ахлагч саяхан солигдож УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиллахаар болсон. Шат шатанд шахаж, шаардлага тавиад явна" хэмээн тодотгов.