Ярилцлага6 мин унших

Д.Үүрийнтуяа: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа

Д.Үүрийнтуяа: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа

УИХ-ын гишүүн, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Таны хувьд чуулган завсарласан хугацаанд ямар, ямар ажлыг амжуулав?

-Чуулган завсарласан цаг хугацаанд орон нутаг, тойрогтоо ажиллалаа. Мөн МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит наймдугаар Их хурал болж, миний бие нэр дэвшиж, тус холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ ажлынхаа хүрээнд Дархан-Уул, Орхон аймгуудад ажилласан. Дархан-Уул аймгийн хувьд бол УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын хамтаар очиж ажиллаад ирсэн. Тэгэхээр орон нутгийн болон улс төрийн нэлээд цаг наргүй ажилтай л өнгөрлөө. Дээр нь хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа Нийтийн өмчийн тухай, Төрийн болон, орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах хуулиудын ажлын хэсгийг хуралдууллаа. Санхүүгийн хоршооны тухай хуулийг намрын чуулганы төгсгөлд өргөн барьсан. Одоо энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь оруулах ёстой. Үүнийхээ бэлтгэл ажлыг хангаж байна. Ноднин жилийн хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлчихсэн байгаа Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийн төслийнхөө ажлын хэсэг, байнгын хороон дээр ажилласан гээд нэлээд чөлөө зав муутай л завсарлага болж өнгөрлөө.

-Хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хууль болон түүнийг дагалдах Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал мөн яригдах байх. Эдгээр хуулиуд дээр ямар оролцоотой оролцов. Ямар гол өөрчлөлтүүд орох вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хувьд Засгийн газраас болон тухайн үеийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүд байсан.

Гэвч Засгийн газар дээр давхар ажлын хэсэг байна гээд нэгтгээд ажиллаж байна. Саяхан ажлын хэсэг мөн өөрчлөгдсөн. Ажлын хэсгийн даргаар Б.Уянга гишүүн томилогдсон. Өмнөх ажлын хэсэгт нь миний бие ажиллаж байсан. Ер нь бид энэ Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай оруулах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга хэлбэрээр анхны төсөл явж байсан. Одоо бол миний мэдэж байгаагаар бараг гурав, дөрөв дэх хувилбар нь явж байгаа. Өнгөрсөн парламентаар хэлэлцэх гээд чадаагүй. Тиймээс энэ парламентын үед буюу хаврын чуулганаар яаралтай оруулж, хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх хэрэгтэй. Процессыг шуурхай эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь Ашигт малтмалын тухай хуулиа бид өөрчилж, шинэчлэхгүйгээр, татварын бодлого, ашигт малтмалын бодлого хоёроо ялгаж авч үзэхгүйгээр цаашаа явах үнэхээр хүнд.

-Ингэхгүй бол эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбараас олох орлого нь хумигдах эрсдэлтэй гэж үзэж байна уу?

-Бид зөвхөн эдийн засаг талаас нь авч үзмээргүй байгаа юм. Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай орны хувьд энэ салбараа эдийн засгийн эргэлтэд үр ашигтайгаар оруулах эрх зүйн орчныг нь нээж өгөх ёстой. Түүнээс биш зөвхөн төсвийн орлогын бүрдүүлэлт, төлөвлөлт гэдэг байдлаар хандаад, авах л ёстой гэдэг агуулгаар давхардаж байна уу, олон улсын стандарт зөрчсөн үү, шинжлэх ухааны үндэстэй эсэхийг харахгүйгээр яваад байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр Ашигт малтмалын тухай хууль дээр байгаа хийдэл, давхардлыг арилгах олон хийдэл байна гэдэг нь практик дээр харагдаж байна шүү дээ.

-Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр барих тухай асуудал яригдаж байгаа. Таны хувьд энэ асуудал дээр нэлээд манлайлж оролцдог хүн. Энэ ажил чухам юу болж байна вэ?

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хийнэ гэдэг төсөл маань нэлээд цаг алдсан. Сүүлд Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаад, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ ажил дээр ажиллаж байгаа юм билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр С.Бямбацогт сайдын ахалсан ажлын хэсэг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын эхний шат нь хийгдээд одоо хураангуй жагсаалт үүссэн. Дөрвөн компани үлдсэн байгаа гэж ойлгосон. Тэгэхээр хураангуй жагсаалтад орсон компаниудаас дараагийн шалгаруулалт хийх ажил нь хийгдэх байх. Одоо урин дулаан эхэлж, газар шорооны ажил эхлэхээс өмнө бид яаралтай энэ бичиг цаасны ажил буюу сонгон шалгаруулалтаа шуурхай дуусгаад төслийг эхлүүлэх хэрэгтэй. Ер нь бидний хамгийн их цаг хугацаа алддаг зүйл бол шийдвэр гаргах, тендер шалгаруулах процесс байдаг.

-Хаврын чуулган нэлээд улстөржсөн байдалтай эхэлж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл нэлээд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэгтээ ёс зүй, хариуцлагатай байх, гишүүнийхээ ажлыг хийдэг байх тухай шалгуурыг л тавьж байгаа шүү дээ. Яах вэ, янз бүрийн л байр суурь харагдаж байна. УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хуулийг Ерөнхийлөгч санаачлах эрхгүй гэдэг тухай ч зарим гишүүн маань ярьж байсан. Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалтай холбоотой Үндсэн хуульд заасан заалт нарийвчилсан хуулийн санкцаар амилаагүй байсан юм. Ер нь Үндсэн хуулийн заалтууд бол тухайн чиглэлийнхээ хуулиудаар илүү нарийвчлагдаад явдаг. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн асуудал Ерөнхийлөгчийн тухай хуулиар, Засгийн газрынх ч мөн өөрийн хуулиар гэх мэтээр нарийвчилж зохицуулагддаг. Тиймээс энэ хүрээндээ нарийвчлахаар оруулж ирж байгаагаараа энэ бол процессын хийгдэх ёстой л ажил гэж бодож байгаа. Харин ч үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан нь зөв гэж би харж байна. УИХ-ын гишүүд үүнийг өмнө нь санаачилж оруулж ирсэн ч унаж байсан түүхийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлж байна лээ. Би бодохдоо энэ хууль олон хүний эрх ашгийг хөндөх, зарим хүний хувьд бараг шалгуурыг нь хангачхаад байна шүү дээ. Тиймээс нэлээд эмзэг хүлээж аваад байх шиг байна. Гэхдээ энэ хуулийн төслийг харахад хүчин төгөлдөр болсноосоо хойш үйлчилнэ. Түүнээс биш өмнөх рүү эргэж үйлчлэхгүй юм билээ. Төрийн албан хаагч, хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ажилдаа очихгүй, харилцагч нартайгаа зүй бусаар хандаад байвал ажлаас тань чөлөөлнө шүү л гэдэг биз дээ. УИХ-ын гишүүн гэдэг мэдээж ард түмнийхээ итгэлийг хүлээгээд төлөөлөөд гарч ирсэн нь үнэн. Нөгөө хэсэг нь тухайн намд өгсөн ард түмний саналаар орж ирсэн байгаа. Гэвч хариуцсан ажил, иргэдийг төлөөлөхдөө хариуцлагатай байхад энэ хууль ямар саад болох юм. Өөрсдөө л хариуцлагатай, хийх ёстой ажлаа хйигээд явж байвал энэ нэг их айгаад байх хууль гэж бодохгүй л байгаа.

-МАН нэлээд асуудал болж байж шинэ даргаа сонгосон. Эргээд хэд хэдэн хүнийг намынхаа гишүүнээс түдгэлзүүлсэн, хөөсөн асуудал гараад одоо ч дахиад хэдэн хүний тухай яригдаж л байна. Тиймээс намынхаа энэ асуудал дээр та ямар байр суурьтай оролцож байна вэ?

-МАН өөрийн гэсэн дүрэмтэй. Өнгөрсөн 31 дүгээр Их хурлаараа дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан. Намын дарга өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд Хяналтын хороонд тодорхой гишүүдийг намаас түдгэлзүүлж, шалгах ёстой гэдэг саналыг Бага хурлын үеэр өгсөн гэж ойлгосон. Тиймээс Хяналтын хорооны шийдвэрээр намаас түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудал яригдах байх. Мэдээж дүрмийн дагуу л процесс явагдах ёстой. МАН-ын дүрэм жирийн гишүүдэд нэг өөр, дарга нарт нэг тусдаа үйлчилдэг байж болохгүй. Бид төрийн чиг үүргийн талаар дабль стандарт гээд яриад л байгаа шүү дээ. Яг үүнтэй адилхан намын дүрэм, тэр тусмаа улс төрийн ууган намын дүрэм бүх гишүүндээ адилхан үйлчилдэг байх ёстой. Ер нь энэ бол анх удаа болж байгаа зүйл биш. Өмнө нь МАН-ын гишүүд намаасаа түдгэлзээд, шалгуулаад, буцаж орж ирсэн түүхүүд байгаа. Тийм болохоор тухайн хүнд нь тусгаж харахаар илүү дүрмийн хүрээнд, намын дотоод ардчилал, зохион байгуулалтын л ажил хийгдэж байна гэж харж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж:

Өдрийн сонин

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008