#Коммент2 мин унших
Д.Рэгдэл: Сансарт 24 цагт 20 удаа өдөр, шөнө солигдох нь хүний биед яаж нөлөөлдгийг судалснаараа бид анхдагчид

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
Ингэснээр Монгол Улс сансрын уудамд иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, сансрын багаж зохион бүтээж ашигласан 20 дахь, задгай сансарт багажаа гаргасан 5 дахь орон болж бүртгэгдсэн юм.
1981 онд МАХН сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөр боловсруулах үүргийг ШУА-д өгснөөр найман хүнтэй Сансар судлалын тасаг байгуулагджээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Шинжлэх ухааны академич Д.Рэгдэл юм.
Энэ тасаг үндсэндээ Ж.Гүррагчаа баатрыг сансарт нисэхтэй холбоотой шинжлэх ухааны 32 туршилтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Эдгээрээс хамгийн олон туршилтыг сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн гэдэг.
Энэ дотор сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хийсэн туршилтуудын нэг нь чацарганых. Сансарт нисэж буй хүний биед олон сөрөг үр дагавар үүсдэг. Түүнийг чацарганы тосны үйлчилгээгээр бууруулах зорилт тавьсан. Үүнийг Ж.Гүррагчаа баатар өөрийн бие дээр хийгээд иржээ.
Харин хамгийн сонин туршилт нь “Биоритм” гэж “Сансрын” Л.Лхагваагийн гэж хэлж заншсан туршилт байлаа.
Энэ нь хүн газар дээр амьдрахдаа өдөр, шөнө гэсэн биоритмтэй. Тэр нь 24 цагт нэг удаа солигддог бол сансарт 20 гаруй удаа өдөр, шөнө солигддог бөгөөд энэ нь хүний биед яаж нөлөөлөхийг судалсан туршилт юм. Үүнийг Ж.Гүррагчаагаас асуун, асуумж бөглүүлж авсан. Энэ бол сансрын нислэгийн түүхэнд анх удаа хийсэн туршилт байв.
Багийн 8 гишүүн дунджаар 30 гаран насны залуус байсан бөгөөд өдгөө салбартаа том эрдэмтэд болж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаад явж байна.
Эрдэмтэн Д.Рэгдэлээс “сансрын хоол” гэгдэх борцтой холбоотой мэдээллийг тэр цаг үеийн гэрчийн хувиар хуваалцахыг хүсэхэд

"Борц уг нь сансрын нислэгт авч явах нэлээд хэдэн шаардлагыг хангадаг хүнс. Ганцхан хангадаггүй юм нь агаарт бутардаг. Сансрын жингүйдлийн орчинд бутрамтгай юмыг хөлгийн бүхээгт гаргавал сансарт дэгдэж, хүний ам, хамраар дамжин, уушгинд орох эрсдэлтэй. Бид гурван жил Богдхан ууланд Хүрэлтогоотод монгол үхрийн махаар борж хийж, шинж чанарыг нь судлаад, яг сансрын нөхцөлд 60-аас дээш градустай халуун ус хийхэд уусдаг шөл хийсэн. Уусдаг кофе маягийн. Уг шөлийг Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ авч явсан. Сансарт хүлээж байгаа 2 орос нисгэгчийг нэмээд В.А.Жанибековыг монгол хүний зочломтгой зангаар дайлах үүднээс Ж.Гүррагчаа баатар тэднийг сансарт монгол хоолоор дайлж байгаа юм" хэмээн дурсав.
Монгол Улс сансрын шинжлэх ухааны хөгжлөөр түүчээлэгч орнуудын нэг байх бүрэн боломжтой байжээ. Шинжлэх ухааны хөгжилд хөрөнгө оруулалт хийвэл шинжлэх ухаанч мэргэд нь бидэнд хангалттай бийг сануулсан бас нэг ойн өдөр болж өнгөрөв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

