Үйл явдал2 мин унших
Анги байгууллагадаа жендэрийн эрх тэгш байдлыг түгээж ажиллахыг захилаа

Батлан хамгаалах салбарын жендэрийн асуудал хариуцсан албан тушаалтнуудын "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлт, төсөвлөлт" сэдэвт мэргэжил арга зүйн заах арга зүйн цугларалт Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.



Цугларалтад Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэг, "Соёмбо" редакц, БХЭШХ болон Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Төрлийн цэргийн командлал, удирдах газрын Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн удирдлага, гишүүд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангийн 60 гаруй цэргийн алба хаагч хамрагдсан юм.
Сургалтаар Жендэрийн Үндэсний хорооны сургагч багш нар жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг зохион байгуулах арга туршлагыг олгохын зэрэгцээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдад Монгол эр хүн байх утга учир, гэр бүлийн үнэ цэн, бусдыг хайрлаж хүндлэх, хүнлэг байх тухай ярилцлага өрнүүлснээрээ онцлог юм.
Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ удаагийн сургалтыг жендэрийн тэгш эрхийн тухай ойлголтыг лекц, бүлгийн ажиллагаагаар хоршуулж олгохоос гадна оюун санаа, сэтгэл зүйн мэдрэмжээр нь дамжуулан мэргэжлийн жүжигчидтэй хамтран "Хувь заяаны хүлээс" уянгын драмын жүжгийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Соёлын төвийн тайзнаа тоглуулж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
Цугларалтын төгсгөлд оролцогч 60 гаруй цэргийн алба хаагчид батламж гардуулсан ба ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ж.Мөнхбаяр сургалтаар олж авсан мэдлэгээ анги байгууллагадаа түгээж, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийн дуу хоолой болж ажиллахыг захилаа.
Мөн энэ үеэр мэргэжил арга зүйн цугларалтыг хамтран зохион байгуулсан Жендэрийн Үндэсний хорооныхонд ЗХЖШ-ын талархлыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Энхцаг гардуулж, ЦДБЭЧ-ын авьяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Эх сурвалж:
Батлан хамгаалах яам