Байр суурь2 мин унших
Д.Үүрийнтуяа: ёс зүй, хариуцлагын асуудлыг гишүүд өөрсдөөсөө эхэлье!
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа байр сууриа илэрхийллээ.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудал дээр гишүүд олон талын байр суурь илэрхийлж мэтгэлцэж байгаа нь энэ өөрөө парламентын зарчим. Олон талаас нь ярих нь ч зүйтэй. Мэдээж энд асуудал байна гэж харж байгаа. Зүйл заалтууд нэмэх, хасах, өөрчлөх зүйлүүд байж болно. Ажлын хэсгийн хүрээнд бид үүнийг шийдэх бүрэн эрх нь парламентад өөрт нь байж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдийн хариуцлага ажилдаа цагтаа ирдэг байх, чуулгандаа суудаг байх, ард түмнийг төлөөлөх үүргээ хэрэгжүүлдэг байх. Хэлж байгаа үг, үйлдэл нь ёс зүйтэй байх асуудал бол зайлшгүй тавигдах ёстой. Энэ зарчмыг дэмжиж байгаа. Өнөөдөр бид нар парламентын дархлааны асуудлыг ярьж байна.
Парламентын дархлаа УИХ-ын гишүүд дархлаатай байх ёстой гэж ярихаас илүү, УИХ-ын гишүүд парламент өөрөө ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, ард түмэндээ ёс зүйтэй, хариуцлагатай байгаа байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж байж, энэ дархлааг бид биш, ард түмэн энэ парламентын дархлааг бий болгоно. Тийм учраас ёс зүй, хариуцлагын асуудлыг гишүүд өөрсдөөсөө эхлээсэй гэж би бодож байгаа юм.
Гишүүдийг эргэн татах асуудал дээр хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр мөрдөж байгаа зохицуулалтууд бий. Хуулиар яг энэ зохицуулалтын ямар асуудал нь орхигдсон байна гэж оруулж байгаа юм бэ? Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг ҮХЦ-д хандаад, Цэц эцсийн шийдвэр гаргачих гээд байна гэдэг ийм болгоомжлол байна. Үндсэн хуулийн зөрчил үүсгэх асуудал байгаа юм уу, үгүй юм уу.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
