#Коммент2 мин унших
С.Бямбацогт: И-спортыг төр бодлогоор дэмжинэ

Бөх, морин спорт, волейбол, сагсан бөмбөгөөс гадна цахим спорт нь шинэ үеийнхний “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” болж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрөл боллоо.
Ганцхан тод жишээ бол дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “Mongolz баг”. 5-хан залуу нийт Монголчуудыгаа огшоож, баярлуулж, нойргүй хүртэл хонуулж байна. Тэгвэл төр засгаас энэ чиг хандлагыг ойлгож, залуусын соёлын нэг хэсэг болгож дэмжих хэрэгцээ шаардлага байгаа юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт спортыг дэмжих татварын бодлогын үр дүнгээр манай улсад дэлхийн олон шилдэг тамирчид ирж, олон төрлийн спорт хөгжих суурь эрх зүйн орчин бүрдэнэ.Түүнчлэн татварын хөнгөлөлтийн бодлогоос гадуур орхигдоод байсан И-спортын баг тамирчдаа энэ хуулинд адилхан хамруулж, цаашид улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан “Mongolz” шиг олон олон багууд төрөн гарахад дэмжлэг болох учиртай гэсэн юм.
Тодруулбал шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгаа юм.
Иймд УИХ-ын гишүүн П.Сайнзориг И-спорт нь олимпын төрөлд хараахан багтаагүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг өөрчилж, эрх зүйн орчноор дэмжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн.

Нэгдүгээрт, УИХ болон ЗГ-аас спортыг татварын бодлогоор дэмжиж ирсэн. Татварын хуульд өөрчлөлт оруулаад ААНБ үйл ажиллагааныхаа орлогын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, соёл урлагийг дэмжих чиглэлээр зарцуулж болохоор орсон. Тухайлбал, спортын төрөлд бол ҮОХ болоод параолимпын спортуудыг дэмжих чиглэлд зарцуулалт хийж болж байгаа. Тэгвэл энэ ААН байгууллагуудыг дэмжих болон санхүүгийн бололцоог ашиглах спортын төрөл дээр и-спортыг оруулах тухай асуудал юм. И-спорт дэлхий дахинд нэлээн түгэж хүүхэд залуучууд болон олон хүний сонирхлыг татаж байгаа. Иймд ААН байгууллагууд маань хамтарч ажиллавал бараа үйлчилгээгээ олон улсын тавцанд сурталчлах бололцоог энэ хуулиар олгох.
Хоёрдугаарт, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах. Тухайлбал, ҮШБ болоод олимпын төрлийн спортыг дэмжиж байгаа олон улсын байгууллагуудаас өгч байгаа спортын хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх буюу өөрөөр хэлбэл спортын холбоод санхүүгийн хувьд сайн бэхжээгүй байдаг. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж чадахгүйн улмаас хүүхэд залуучуудуудад зориулж байгаа зүйлүүдийг авч чадахгүй, хэрэглэж чадахгүй зүйлүүд практик дээр байдаг юм байна. Энэ асуудлыг нь дэмжээд хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслийг санаачилжээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

