Байр суурь2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Бид арьс шир дээрээ эргэлдсээр…
Жижиг дунд үйлдвэрлэл
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026.04.14-ний өдрийн хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Үнэнийг хэлсэнд баярлалаа. Өмнөх сайд нар Дарханы арьс ширний үйлдвэр болж байгаа л гэдэг мэдээлэл өгдөг байсан. Болохгүй байгаа гэдгийг шууд хэлчихсэн нь дээр байсан. Баярлалаа танд. Хөвсгөл, Булган аймгууд мал ихтэй, ХАА болон МАА-н асуудлууд хөндөгддөг аймгуудын нэг. Арьс ширээ яах вэ гэдгийг Та сайд байх хугацаандаа ядаж шийдээд өгөөч ээ. Малчдад арьс ширийг ашигтай болгох эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр сайд байх хугацаандаа яаж ийгээд шийдэл гаргаж, эцэслэж өгөхийг хүсэж байна.

Нэгэнт Дарханы арьс ширний үйлдвэр болохоо больчихсон гэдгийг хэлж байгаа бол аймгууд дээр байгаа арьс ширний тодорхой хэмжээний жижигчилсэн үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. 2026 оны 1 сарын 5-ны өдөр Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа очсон. Хөвсгөл аймгаас санал тавьсан. Бид газар дэд бүтэц бүгдийг нь шийдье. 2026 ондоо багтаагаад дунд оврын арьс ширний үйлдвэр байгуулах боломжоор хангаад өгөөч ээ гэж. Шийдэж өгнө гэж амласан. Харин өнөөдөр Ерөнхий сайд, салбарын сайд нь ч өөрчлөгдчихлөө.
Хөвсгөлчүүдийн маань хийж бүтээж байгаа, төлөвлөж байгаа ажлууд үргэлжлэх ёстой. Бид тойргоос сонгогдсон гишүүний хувьд, ард түмний элч болж байгаагийн хувьд, мөн аймагтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж байгаагийн хувьд энэ ажлыг та бүхнээс нэхэж шаардаж явна. Нэхэж шаардуулалгүйгээр тодорхой аймгууд дээр төвлөрсөн үйлдвэрүүд байгуулах ажил руу ороод өгөөч ээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


