Байр суурь3 мин унших
Б.Хэрлэн: Шинжлэх ухааны салбараа дэмжсэн хуулийн өөрчлөлт болно гэдэгт итгэж байна
УИХ-ын чуулганы /2026.04.16/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
Б.Уянга нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжиж байна.
Нэгдүгээрт, тус нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгээрт эрдэм шинжилгээний судалгааны тайлангийн нэгдсэн санг хөгжүүлж, судалгаа шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг оруулж ирж байна. Энэ бол салбар салбарын эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг нэгдсэн сангаас үе үеийн судлаач, үйлдвэрлэгчид түгээх, улмаар мэдлэгийн хуримтлалыг бий болгох нэн таатай боломж бүрдэж байна гэж мөн цагаа олсон шийдвэр боллоо гэж үзэж байна. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайланд дурдсанаар манай эдийн засагт түүхий эдээ боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн түвшин сул, голдуу технологийн агууламжгүй бүтээгдэхүүн зонхилж байна гэж дүгнэжээ. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь нам технологийн бүтээгдэхүүн байгаа. Дунд болон өндөр технологи шингээсэн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн дунджаас 7 дахин доогуур байгаа гэж дүгнэсэн байна. Энэ бол шинжлэх ухаан эрдэм шинжилгээний судалгааг орхигдуулж ирсний үр дагавар билээ. Судалгааны тайлангийн нэгдсэн санг бүрдүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээлийг үйлдвэрлэл үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах боломжийг энэхүү өөрчлөлт оруулж ирж байна гэж үзэж байна. Түүнчлэн судалгааны бүтээлийн патент, оюуны өмчийг баталгаажуулах, тэр тусмаа эрдэмтэн судлаачид оюуны бүтээлийнхээ үр шимийг бодитойгоор хүртэх боломжийг бүрдүүлэх тухайд дараагийн алхмууд хүлээгдэж байгаа билээ. Үүнийг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, энэ нэмэлт өөрчлөлтөөр төрийн байгууллагуудаас зарласан эрдэм шинжилгээ, судалгаа, шинжилгээний аливаа тендерт төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн их дээд сургуулийн судалгааны баг тендерт оролцох болбол тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны төлбөр, хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулж байна. Эрдэмтэн судлаачид судалгааны байгууллагуудад тулгардаг санхүүгийн томоохон дарамтаас чөлөөлөх энэ санаачилгыг судлаач хүний хувьд дэмжиж байна. 2025 онд шинжлэх ухаан технологийн салбарын санхүүжилт 105,33 тэрбум төгрөг баталсан байгаа. Энэ зардлын 67,3% нь урсгал зардалд, 5% буюу 5,3 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардалд зарцуулж байна. Сүүлийн арваад жилд эрдэм шинжилгээний ажлын зардалд тогтмол 12 тэрбум орчим төгрөг төсөвлөж ирсэн бөгөөд энэ нь огт нэмэгдээгүй бөгөөд нэг судалгаанд дунджаар 14,8-19 сая төгрөгийг зарцуулж ирж байна гэсэн тооцоо байна. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын төсөвт тендерт оролцох тохиолдолд төлөх тендерийн хураамж гүйцэтгэлийн баталгааны хураамжийн төлбөр зардал огт тусдаггүй. Судлаачид энэ зардлыг хувиасаа төлөхөд хүрдэг. Энэ нь шинжлэх ухааны хөгжилд мөн эрдэмтэн судлаачдын тогтвор суурьшилтай ажиллахад багагүй саад болж байгаа билээ. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг дэлхийн мэдлэгийн индексийн үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 47 оноогоор 141 орноос 65 дугаар байрт орсон байгаа. ДОӨБ-аас гаргадаг дэлхийн инновацын индексээр Монгол Улс 131 орноос 2023 онд 68 дугаар байранд орсон. Тэгэхээр мэдлэгийн индекс инновацын индекс болон шинжлэх ухаан, технологи, инновацын бусад үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн дундаж орчимд байгаа энэ цаг үед энэхүү хуулийн төсөлд оруулж ирж байгаа өөрчлөлтүүд нь тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.
Иймд Б.Уянга нарын 8 гишүүний өргөн барьсан Шинжлэх ухаан технологийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа саналыг хэлэлцэхийг дэмжихийг та бүхнээс хүсье ээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

