Үйл явдал2 мин унших
Нэгэн түүх. Аялал жуулчлал. 2022 он…

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэл ам дагуулсан. Гэхдээ энэ салбарт байсан бүх холбоод, төрийн болон ТББ, олон улсын байгууллага гээд олон талын оролцоог ханган хэдэн өдөр хэлцэж, хэрэлдэж, мэтгэлцэж, мэлзэж байж дундын ажлын хэсгийг бий болгож байлаа.
Мэдээж манлайлалд нь МАЖХ буюу 30 жилийн түүхтэй холбооны удирдлага, удирдах зөвлөлийнхөн байлаа. Жижиг холбоод, АЖ бизнес эрхлэгчид тэдний эсрэг шахуу зогсчихсон. Сайдаар ажиллаж байсан намайг тэдэнтэй нийлсэн гэж үзэж тас зөрөлдөн үзэлцэж байлаа.
Гэхдээ бид бүгдээрээ чадсан. Бүгд хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулах, хуулиндаа оруулахаар санал нэгдэж ажилласан. Хуулинд орсон нэршил нь “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”.
Сайдаар ажиллаж байсан хүний хувьд 30 жилийн түүхтэй МАЖХ нэрийг шууд авч ашиглах, бүтцийг суурилан хийхийг тус холбооны удирдлагуудад тавьсан. Гэвч тэд МАЖХ-г тараасан хэрэгт орно хэмээн айж байгаагаа хэлээд эелдэгээр татгалзсан. Гэхдээ тэдний оролцоогүйгээр, хамтын зүтгэлгүйгээр өнөөгийн АЖМХ бий болох боломж бас тааруу байсан юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс “Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрхзүйн байдлын тухай хууль” -ийн тодорхой заалтыг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Энэ цаг үед дахин хэлэхэд МАЖХ бол АЖМХ байгуулагдах бүх шатны хэлэлцүүлэг, мэтгэлцээн, уулзалт, протоколд гар бие оролцсон юм. Одоо тэдний дараагийн удирдлагууд энэхүү хуулийг хэлэлцэж байхад оролцоогүй мэт, нэг хүнд зориулсан хууль бий болгож АЖМХ -г байгуулсан мэт цамнаад байж болохгүй. Цаашдаа нэгдмэл, нэг зорилготой урагшилж байж аялал жуулчлалын салбар илүү олон боломжийг бий болгоно.
Холбоод өөрсдийн эрх ашгийг бус улсын эрх ашгийг бодолцох, эдийн засгийн эргэлтийг бий болгож вальют оруулж ирэх, энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлж иргэдээ орлоготой болгох гээд том эрх ашгаа харах хэрэгтэй. Энэ салбарын яаманд ажиллаж байгаа хэн ч гэсэн хуулийг мөрдөх үүрэгтэй. Нэгдмэл байдлыг хэн нэгний сонирхол, атаач жөтөөч байдал, увиагүй тоглолтоор өөрчилж болохгүй. Эсвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй!
